Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-13 00:10:27

Дархан-Уул аймагт “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриан дор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгалагтамир, Эрүүл Мэндийн газрын дарга С.Сүнчин, Онцгой байдлын газрын дарга Г.Батбаяр, “Медс топ” ӨЭМТ-ийн дарга Ч.Энхтунгалаг болон оюутан залуус, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцсон дархлаажуулалтын аяны нээлт боллоо.

Улаанбурханы вакцин хийхийн өмнө эмчийн үзлэгт орж, эрүүл мэндийн байдал, вакцин хийхэд харшлах заалт байгаа эсэхийг нь тодруулах хэрэгтэй. Үзлэгээр тухайн үедээ вакцин тарих боломжгүй бол зөвлөгөө аваад, шалтгааныг арилмагц нэмэлт дархлаажуулалт орох боломжтой гэнэ. Тус аймагт дархлаажуулалтад хамрагдах 21118 иргэн байгаа бөгөөд сум болон өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд өглөө 09 цагаас оройн 19 цаг, амралтын өдрүүдэд 09:00-17:00 цагуудад үйлчлүүлэхээр зохион байгуулалт хийжээ. Аймгийн төвд байгаа таван өрхийн эмнэлэг, гурван сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулж харъяалал харгалзахгүйгээр вакцинжуулалтыг хийж байна. Уг вакцинд 18-30 насны хүмүүсийг хамруулах бөгөөд энэ насны жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдаж болохгүйг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн вакцин хийлгэснээс хойш нэг сарын хугацаанд жирэмcлэхгүй байхыг зөвлөж  байна. Улаанбурхан өвчний тархалтыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх нэмэлт дархлаажуулалтын ажлыг олон нийтэд сурталчилж ач холбогдлыг нь хүүхэд залуучуудад тайлбарлан таниулахад хамтарч ажиллахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриаллаа.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Related news