Францын Элчин сайдын зөвлөх Дархан хотод айлчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-12 00:10:00

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны тэргүүн зөвлөх Рафаэл Дрозэвскийг хүлээн авч уулзав.

Тус уулзалтад аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Батбаяр, НХХ-ийн дарга Р.Тунгалаг-тамир, ХЗХ-ийн дарга П.Энхбат, аймгийн Ерөнхий архитектор Д.Эрдэнэбаяр нар оролцлоо. 1996 онд “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай” хэлэлцээр байгуулж байжээ. Хэдийгээр Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоод 50 гаруй жил болж байгаа ч Дархан-Уул аймгийн хувьд Франц улсын аль нэгэн хоттой тогтоосон хамтын ажиллагаа байхгүй байсан. Энэхүү уулзалтаар хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа талууд харилцан илэрхийлэв. Аймгийн Засаг дарга А.Энхболд:-“Дарханчууд бид Төвийн бүсийн Хөгжлийг тодорхойлогч байх болно. Учир нь Дархан хот маань нийслэл Улаанбаатар хоттой хурдны замаар, уул уурхай хөгжсөн Эрдэнэт, чөлөөт эдийн засгийн бүс Сэлэнгэ, аялал жуулчлалын бүс нутаг Хөвсгөл аймгуудтай төмөр зам, автозамаар холбогдсон, эдгээр урсгалуудын зангилаан дээр байгааг онцлоод, “Үйлдвэр технологийн парк”, “Төмөрлөгийн үйлдвэрлэлийн кластер”, Барилгын материалын үйлдвэрлэл зэрэг дөрвөн чиглэлээр хөгжих нь Дарханчуудад хөгжлийн таатай боломжийг авч ирэх тухай мөн үеэр танилцууллаа. Улмаар Франц улстай хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж Францын хотуудтай ах дүү хотын төвшинд харилцаа тогтоож ажиллах санал тавилаа. Франц улсын Элчин сайдын яамны тэргүүн зөвлөх Рафаэл Дрозэвски нь Дархан хотод хоёр өдөр ажиллах хугацаандаа Дархан хоттой танилцахын зэрэгцээ тус аймгийн эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарынхантай уулзалт хийлээ. Уулзалтуудын үр дүнд аль салбараас хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломж байгааг судалсан байна. Тэрээр аймгийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авч, хот төлөвлөлтийн чиглэлээр Францын аль нэгэн хотын удирдлагад уламжилж өгнө гэв.

Ойрын хугацаанд Хөдөө аж ахуй, Байгаль орчны чиглэлээр ХААИС-ийн Дархан салбар, УГТСЭШХ-тэй хамтарсан уулзалт зохион байгуулах талаар санал нэгдлээ. Мөн үеэр Эрдэнэт хотод хэрэгжүүлж буй цэвэрлэх байгууламжийн төслийг Дарханд үргэлжлүүлэх боломжтой гэлээ. Мөн соёлын салбарт хамтран ажиллаж Франц хэлийг Монгол хүмүүст зааж сургах улмаар Францын соёлын төвийг байгуулах зорилго байгааг ч хэлэв. Ойрын үед Францын Элчин сайд хатагтай Элизабет Барсак өөрийн биеэр Дарханд айлчилж дээрх асуудлуудаар гүнзгийрүүлж ярилцах болно гэж Франц улсын Элчин сайдын яамны тэргүүн зөвлөх Рафаэл Дрозэвски ярилаа. Тэрбээр элчин сайдын мэндийг аймгийн Засаг даргад уламжлаад Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүндэт тэмдгийг гардууллаа.

                                               Б.Норовсамбуу

Related news