Скаутын нэрэмжит өсвөр үеийн шатрын бүсийн тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-12 00:04:43

Дархан-Уул аймгийн Скаутын холбоо 25 жилийн ойгоо хүүхэд, залуучуудын мэдлэг оюунд чиглэсэн шатрын тэмцээнээр эхэлнэ.

Аймагтаа зохион байгуулах энэхүү тэмцээний эрхийг “Монголын Шатарын Холбоо”-ноос авч тэмцээний үеэр тус холбооны төлөөлөл ирж оролцохоор болжээ. Энэ тухай аймгийн Скаутын холбооноос хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв. Уг тэмцээн энэ сарын 14-15-ны өдрүүдэд тус аймаг дахь Зэвсэгт Хүчний 330 дугаар ангид эрэгтэй, эмэгтэй дөрвөн насны ангилалаар  зохион байгуулж эхний таван байрыг шалгаруулж урамшуулах бөгөөд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган аймгийн өсвөр үеийн шатарчид оролцох юм.

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн цагаас хойш эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж ирсэн тухай Дархан-Уул аймгийн Скаутын холбонны дарга н.Оргилсайхан хийсэн мэдээлэлдээ дурдлаа.

Энэхүү хөдөлгөөний үзэл санааг хүлээн зөвшөөрч нийслэл болон бусад хэд хэдэн аймагт байгуулагдсан скаутын бүлгүүд анх 1992 оны дөрөвдүгээр сарын 16-нд Улаанбаатар хотод  хуран цугларч Монголын Скаутын Холбоог зохион байгуулах их хурлыг хуралдуулсанаар тус байгууллага Монгол улсад байгуулагджээ. Энэ үеэс Дархан-Уул аймагт салбар байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр 25 жилийнхээ ойтойгоо золгож байгаа юм байна.

                                                                                        Б.Норовсамбуу

Related news