Хүүхдийн Номын ордонд “Өглөөний цайтай уншлага” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-05 00:46:24

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын санаачлагаар төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх зорилгоор өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэж “Ажил хэрэгч өглөөний цай” уулзалтыг долоо хоног бүр хийж хэвшжээ. Энэ удаа аймгийн Засаг дарга А.Энхболд “Хүүхдийн Номын ордон”-д очиж “Өглөөний цайтай уншлага”-д оролцлоо.

Энэ удаагийн уншлагад есдүгээр сургуулийн Б.Золжаргал багштай 8а ангийн сурагчид оролцож таван багт хуваагдаж жүжиглэх, шүлэглэх, харилцан ярих зэрэг сонирхолтой хэлбэрээр уншлагыг өрнүүллээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд сурагчдад хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцсан юм.

Мөн тус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож тулгамдаж буй асуудлуудыг холбогдох мэргэжлийн хүмүүсийн хамт хэлэлцэв. Тухайлбал: өвлийн улиралд нэгдүгээр давхрын уншлагын танхимууд хүйтэн байдгийг мэргэжлийн хүмүүс тооцоо судалгааг нь хийж төсвийн тодотголоор оруулахаар боллоо.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Related news