Ц.Хишигжаргал: Эх орноо хайрлана гэдэг үндэсний бичгээ сурахаас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-03-26 12:21:28

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн төв, Дархан хотын ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн монгол хэл, бичгийн багш Ц.Хишигжаргалтай ярилцлаа. Тус сургууль нь өнгөрсөн онд “Үндэсний бичиг-Монгол бахархал” танхим байгуулж, тэндээ боловсролын сургалтын хөтөлбөрт тусгагдсан монгол бичгийн сургалтын стандарт хангасан агуулгыг багтаасан суралцагчдад нэн шаардлагатай сургалтын гарын авлага, зөвлөмж, самбар тэргүүтнийг байрлуулж сургалтдаа ашигладаг болжээ.

-Танай сургууль өнгөрсөн жил энэхүү монгол бичгийн танхимтай болсон байна. Энэ танхимаа ямар зардлаар яаж байгуулав?

-Миний бие тус сургуульд монгол хэл, бичгийн багшаар болон аймгийн “Хэлний зөвлөл”-ийн гишүүнээр ажилладаг. Би 2019 онд “Орон нутгийн хөгжлийг дэмжих сан”-д төсөл бичиж хоёр сая төгрөгийн эрх авч “Үндэсний бичиг-Монгол бахархал” гэж энэ танхимаа байгуулсан.

-Танхимынхаа дотоод шийдлийг хэрхэн гаргаж хийсэн бэ? Түүгээр дамжуулж сурагчдад юуг харуулахыг зорьсон бэ?

-Үндэсний хэв маягийг хадгалсан байхыг зорьж сургуулийнхаа технологийн багш нараас зөвлөгөө авч танхимд минь орж ирсэн хүүхэд бүр “Би мянган жилийн настай үндэсний бичгээ сурах ёстой, миний мах цусанд энэ бичгийн шид шингэсэн байгаа“ гэж бодоосой гэж л зорьсон. Тэгээд үүгээр дамжуулж хүүхдүүд багаасаа түүх соёлоо мэддэг, өв уламжлалаа судалдаг, үндэсний бахархалтай болж төлөвшөөсэй гэж л өөрийн бодож төлөвлөснөө сургалтын стандарттай уялдуулж тохижуулсан даа.

-Үндэснийхэл, соёлоо түгээн дэлгэрүүлэхэд тэр дундаа монгол хэл бичгийн багш нар ихээхэн үүрэг гүйцэтгэдэг гэж боддог. Танхим байгуулахаас өмнө болон байгуулсны дараа сурагчид монгол бичиг сонирхох, сурах эрмэлзэлд өөрчлөлт  гарсан уу?

-Танхим байгуулсны дараа сурагчдын сонирхол илүү нэмэгдсэн. Дугуйлан ажиллуулна гэхэд хүүхдүүд маань бүгд л хамрагдахыг хүсч байсан. Энэ жил би долдугаар ангийн хоёр бүлэгт хичээл орж байгаабүгд л нүд нь гэрэлтээд маш сайн уншиж, бичиж байгаа шүү. 

-Төслөөр санхүүжилт авч сурах орчноо сайжруулах нэг боломж бий гэдгийг та харуулж чаджээ. Үүнээс өөр аргаар тохижуулж сурах хүсэл тэмүүллийг сурагчдад өгөх ямар арга байна вэ?

-Одоо сурагчдынхаа бүтээлээр тохижуулж эхэлсэн. Багш нарт бас дугуйлан ажиллуулж эхний бүтээлүүд төрж байна. Цаашдаа сургуулийнхаа хэмжээнд багш, сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргах бодолтой байгаа.

-Танай сургууль МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг Хүмүүн бичиг” сониныг тогтмол захиалдаг хамт олон. Тус сонин танд болон сурагчдад хэрэгтэй мэдээллийг өгч чаддаг гэж боддог уу?

-Тийм шүү. Манай хамт олон“ "Хүмүүн бичиг” сониноос зарласан уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож бас сониноо захиалж байгаа. Бидэнд чухал гарын авлага болдог шүү. Амралтын үед хүүхдүүд энэ сониноо уншиж даалгавраа хийж байгаа. Их хэрэгтэйМиний хувьд долдугаар ангийнхандаа хичээнгүй бичгээс нь долоо хоногт нэг удаа бичүүлж 12 дугаар ангийн сонгоны сурагчдаар таталган бичгийг тогтмол уншуулж байгаа. Цаашдаа “Хүмүүн бичиг” сониныхоо захиалгыг улам бүр нэмэгдүүлж сургуулийнхаа анги бүрт нэгээс доошгүй сониныг захиалуулах зорилт тавиад багш, сурагчидтайгаа уулзаж ярилцаад байж байна.

-Сурагчид дан ганц босоо бичгээ сурахаас гадна уран бичлэгийн төрлийг ихэд сонирхох болсон. Танай сургуульд энэ төрлийн дугуйлан хичээллэдэг үү? Хүүхдийн хамрах хүрээ насны хувьд ямар байдаг вэ?

-2019 оны хичээлийн жилээс миний бие өөрөө сурахын хажуугаар хүүхдүүддээ уран бичлэгт суралцахыг санал болгон хамт хичээллэж байгаа. Одоогоор 7-12 дугаар ангийн хориод сурагч хичээнгүйлэн суралцаж  байна. 

-Дархан-Уул аймгийн сургуулиудад таны байгуулсантай ижил танхимтай сургууль хэр олон байдаг вэ?

-Өө байлгүй яахав. Есдүгээр сургуульд байгаа. Бас 15 дугаар сургуульд “Сум хөгжүүлэх сан”-гаас таван жилийн өмнө нэг танхим байгуулсан. Одоо манай монгол хэлний багш нар сургуульдаа нэг танхимтай  болохыг хүсч байгаа даа. Даан ч төр сайн дэмжихгүй  байна.

-Та залуу хойч үедээ хандаж юу гэж хэлэхийг хүсдэг вэ? Хэл, бичиг соёлын тухайд.

-Бид дэлхий дээр өөрийнхөө бичиг үсэг зохиож чадсан цөөхөн үндэстний нэг нь. Өөрийн гэсэн бичгээ сурч бахархаж ,хамгаалж, өвлүүлэх нь ”жинхэнэ монгол хүн” бүрийн үүрэг. Эх орноо хайрлана гэдэг нь өөрийн гэсэн бичгээ сурахаас эхэлнэ шүү дээ. Үндэснийхээ бичиг соёлыг хүүхэд багачууддаа зааж сургах нь зөвхөн сургалтын байгууллагын үүрэг төдий биш. Монгол бичгээ мэддэг хүн бүхэн мэддэггүй нэгэндээ зааж сургах нь чухал байна.

-Ярилцсан танд баярлалаа.

-Баярлалаа.

 

 

Related news