“Явуулын шүдний эмнэлэг” дараалал ихтэй байв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ“Ухаалаг хэрэглээ -Соёлтой үйлчилгээ” сэдэвт “Хэрэглэгчийн хөгжил” нээлттэй өдөрлөг Дархан хотын “Дархан-50 цогцолбор”-т болж байгаа үеэр аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Килиникийн тасгийн эрхлэгч Ц.Тэмүүжинтэй ярилцлаа.
-“Өнөөдрийн өдөрлөг Дархан хотын гурван газарт нэгэн зэрэг болж байгаа учраас манай эмнэлгийн бүх тасаг, албад тэдгээрт тэнцүү хуваарилагдан очиж эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, үзлэг, оношлогоо, тусламж үйлчилгээ үзүүлж гарын авлага тарааж зөвлөгөө өгч даралт, жин үзэж сахарын сорил авах зэргээр үйлчилж байна. Мөн “Сэргээн засах тасаг”-ийнхан маань тайван үеийн болон бусад дасгал хөдөлгөөнийг заах зэргээр эрүүл мэндийн анхан шатны тусламж зөвлөгөө өгч байгаа. Түүнчлэн эрүүл аж төрөх ёс, хоолны зохистой хэрэглээ, зөв хоололт, явуулын шүдний эмнэлэг ажиллуулах зэргээр өргөн хүрээтэй ажил зохион байгуулан оролцож байна. Яг энд шинэ Дарханд ажилладаг “Амин холбоо”, “Түшин холбоо”, “Гэрэлтэй” зэрэг өрхийн эмнэлгүүд маань Улаанбурхан өвчнөөс сэргийлэх зөвлөмж зөвлөгөөг өгч гарын авлага тарааж үйлчилж байгаа” гэв. Хэрэглэгчийн өдөрт зориулсан үйлчилгээнд хамгийн их ачаалалтай нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аймгийн Нэгдсэн Эмнэлгийн үйлчилгээний хэсэг байсан юм.
Өдөрлөгт ирсэн иргэд даралтаа үзүүлж, сахарын сорил өгч, жингээ хэмжүүлж зөвлөгөө авч байснаас гадна хамгийн их дараалалтай нь “Явуулын шүдний эмнэлэг” байв. Учир нь энэ өдөр үзүүлж байгаа эрүүл мэндийн бүх төрлийн тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй байсан юм.
Б.Норовсамбуу