Бүх сум аймгийн Музейд түүхийн булангаа нээж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Музейн захиргаа үзмэр сан хөмрөгөө арвижуулах зорилгоор аймгийнхаа дөрвөн сумыг сурталчлах аяныг өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлсэн. Эхлээд Хонгор сумын түүх, алдартнууд, сумын нутаг дэвсгэрээс олдсон эд өлгийн зүйлсээр үзэсгэлэн гаргаж олны хүртээл болгожээ. Харин энэ удаа Орхон сумын соёлын өв, түүхийн үзэсгэлэн нээгдэв.
Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Р.Эрдэнэбаяр оролцож тус сумын түүхээр бахархаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Орхон сум нь төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, зөгийн болон мал аж ахуйн чиглэлээр улсдаа манлайлж зургаан удаа аварга сумаар шалгарсан бахархах түүхтэй, үзүүлэх өв соёлтой ард түмэн гэж онцлоод энэ бүхнийг Музейд шинээр байгуулсан “Орхон сумын үзмэрийн булан”-гаас харж болно” гэв. Энд Орхон сумаас төрж гарсан үе үеийн улсын “Тэргүүний тариаланч”, “Аварга ногоочин”, “Улсын анчин”, “Монгол улсын алдарт уяач”-дын түүх, Монголчуудын бэлгэ, ерөөлийн илэрхийлэл болсон ихэр ботгоны гэрэл зураг гээд олон зүйлийг дэлгэн тавьжээ.
Сүүлийн жилүүдэд Япон улсад сумо бөхөөр барилдаж Монгол улс, тэр дундаа Дархан-Уул аймаг Орхон сумынхаа нэрийг өндөр гаргаж яваа Озэки Г.Ган-Эрдэнийн өмсгөл эдлэл хэрэглэлийг дэлгэн харуулсан нь үзэгчдийн сонирхолыг их татлаа. Ийнхүү аймгийн Музей нь өөрсдийн үзмэрийн санг арвижуулахын зэрэгцээ бүх сумдыг сурталчлах, өв соёлыг нь хадгалах чиглэлд анхаарч ажиллах юм. Ирэх тавдугаар сард Шарын гол сум, зургаадугаар сард Дархан сум тус тус үзэсгэлэнгээ гаргаж аймгийн Музейд өөрсдийн буланг байгуулахаар болжээ.
Б.Норовсамбуу