“Экспорт Монгол-2019”-оор шилдэг бүтээгдэхүүн шалгаруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. “Экспорт Монгол-2019” бизнес чуулга
уулзалт энэ 10-р сарын 28-29-нд болно. Энэ талаар зохион байгуулагч “Экспорт Олон улсын худалдааны төв” ТББ-ын захирал Д.Оюунбилэг болон хамтран оролцогч ХХААХҮЯ-ны
ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэг нар өнөөдөр мэдээллээ.
Энэ удаагийн “Экспорт Монгол” чуулган 5 дахь жилдээ болж байгаа бөгөөд энэ жилийн онцлог нь эх орондоо анх удаа олон улсын хэмжээнд зохион байгуулж буйг “Экспорт олон улсын худалдааны төв” ТББ-ын захирал Д.Оюунбилэг тэмдэглэлээ. Тэрээр, “Манай чуулганд Турк, Япон улсын ЖДҮ-ийг хариуцсан байгууллагын удирдлага, төлөөлөгчид, мөн Филиппин улсын экспорт, импортын агентлагийнхан ирж оролцоно. Мөн Австрали, АНУ, Канад зэрэг 7-8 орны төлөөлөл ирж байгаа” гэв. Манай улсаас ХХААХҮЯ, ГХЯ, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар, Монгол Улсын Хөгжлийн банк, Үндэсний Брэндийн зөвлөл зэрэг байгууллага дэмжин оролцох гэж байна.
ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэг
хэлэхдээ, “Чуулганд хувийн хэвшлийн 350 гаруй экспортлогч болон экспортод
чиглэсэн үйл ажиллагаа эхлүүлж буй ААН, байгууллагын төлөөлөл, нийт 1000 гаруй
хүн оролцох учир бид юуны өмнө экспортын талаарх боломжийг эрхзүйгээс эхлээд
үйл ажиллагааны явц, экспортын нөхцөл байдалтай холбон ярилцаж, цаашид экспортод
“Нэг бодлого-Нэг гарц-Нэг шийдэл”-д хүрэх талаар хэлэлцэнэ” гэдгийг тодотгож
байна.
Гол нь энд хувийн хэвшлийн ЖДҮ эрхлэгчдийг
хамруулан оролцуулах зорилготойг хэлж, Монгол Улсын Ерөнхий сайд энэ 10-р сарыг
экспортын сар болгон зарлаж байгааг, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол
экспорт” хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийллээ.
“Экспорт Монгол-2019” бизнес чуулга уулзалтаар
экспортын бодлогын хэрэгжилт, боломжийн талаар хэлэлцэхээс гадна экспортын чиг
баримжаатай ААН-үүдэд зориулсан сургалт семинар болж, тэдний бараа
бүтээгдэхүүний “Монгол Брэнд” гэсэн үзэсгэлэн-худалдаа хоёр өдөр гарах нь. Энэ
үеэр үзэсгэлэн-худалдаанд хамгийн идэвхтэй оролцож буй ААН-ийн шилдэг бүтээгдэхүүнийг тодруулж, ирэх
оны 2-р сард Япон улсад болох “Монголд үйлдвэрлэв-2020” үйл ажиллагаанд
оролцуулах талаар “Экспорт олон улсын худалдааны төв” ТББ-ын захирал
Д.Оюунбилэг мэдэгдлээ.
Тухайн компанийг хамгийн их борлуулалт
хийсэн шилдэг маркетингаар нь тодруулах бөгөөд үүнийг чуулганд оролцож буй
гадаад, дотоодын экспортын шинжээчдээр дүгнүүлж шалгаруулах юм байна.
“Экспорт Олон улсын худалдааны төв” нь өмнө нь АНУ, Канад улсад “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн-худалдаа, чуулга уулзалтыг зохион байгуулж ирсэн юм. “Гадаад зах зээлд Монголын ямар бараа бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхож, экспортод бараа, бүтээгдэхүүн гаргахад ямар шаардлага тавигддаг” талаар тус төвийн захирал Д.Оюунбилэгээс тодруулахад, “Гадаадын хэрэглэгчид манай ноолууран болон оёмол бүтээгдэхүүн, хөнгөн үйлдвэрийн барааг илүүтэй сонирхдог. Цаашдаа монголчууд бид дэлхий нийтийн хөгжлийг дагаад инновац шингэсэн бүтээгдэхүүний экспортод анхаарах ёстой”-г хэлэв. Экспортын бүтээгдэхүүнд чанар, стандартын шаардлагыг голчилж, дараа нь тээвэрлэлт их чухал байдгийг онцолж байлаа.
Б.Болд