Улсын аварга малчин, тариаланчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал 12 дугаар сарын 24-ний өдөр ЗДТГ-ын хурлын өрөөнд болж, Улсын аварга малчин, тариаланч шалгаруулах тухай асуудлыг авч хэлэлцлээ. Тус аймгийн 11 сумаас 13 малчныг Улсын хошой аварга, Улсын аварга малчинд нэр дэвшүүлэхээр материалаа ирүүлжээ.
Харин
Буянт сумаас Улсын хошой аварга тариаланч, Улсын аварга тариаланчид 2 иргэнийг
нэр дэвшүүлсэн байна. Аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд материал нь ирсэн
малчин, тариаланчдын танилцуулга, тодорхойлолттой танилцаж, зөвлөлийн
хуралдаанаар Засгийн Газрын 2016 оны 202 дугаар тогтоолоор баталсан Улсын
аварга малчин, Улсын аварга тариаланч шалгаруулах журмын шаардлага, шалгуур
үзүүлэлтийг хангасан малчдын ажлын үзүүлэлтийг үндэслэн Улсын хошой аварга
малчнаар 1, Улсын аварга малчнаар 7, Улсын хошой аварга тариаланчаар 1, Улсын
аварга тариаланчаар 1 иргэнийг шалгаруулан шагнах асуудлыг холбогдох дээд шатны
байгууллагуудад уламжлахаар болов. Малчид, тариаланчдын материалыг ХХААХҮЯам
болон Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм.