Аймгийн үндсэн чиглэл, төлөвлөгөөний хэрэгжилтийг 100 хувьд хүргэх чиглэл өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 19-ний өдөр хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит 8 дугаар хуралдаанаар аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төлөвлөгөөний хэрэгжилтийн асуудлыг хэлэлцэж, хэрэгжээгүй байгаа болон эрчимжүүлэх шаардлагатай байгаа үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэл өгчээ.
Аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төлөвлөгөөний биелэлт 11 дүгээр сарын 14-ний байдлаар 80,4 хувийн хэрэгжилттэй байна.
Хамгийн өндөр үзүүлэлттэй нь Засаглалын хүрээнд хэрэгжүүлэх ёстой 20 ажлаас бүрэн хэрэгжсэн 7, хэрэгжилт 89,5 хувьтай байгаа бол хамгийн бага үзүүлэлтэй нь нийгмийн бодлогын хүрээнд хэрэгжих ёстой 37 ажлаас бүрэн хэрэгжсэн 17, хэрэгжилт 71,9 хувьтай байна. Харин эдийн засгийн хүрээнд хэрэгжих ёстой 11 ажлын хэрэгжилт 85 хувь, ХХАА, газар тариалан, үйлдвэрлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 13 ажлаас долоо нь бүрэн хэрэгжиж, нийтдээ 81,7 хувьтай дүгнэгджээ.
Байгаль орчин, аялал жуулчлал, уул уурхайн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 10 ажлаас 6 нь бүрэн хэрэгжиж, 88 хувь, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хүрээнд хэрэгжих ёстой 18 ажлаас бүрэн хэрэгжсэн 10, хэрэгжилт 79,4 хувьтай байна.
Аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх ёстой 109 үйл ажиллагаанаас 85,3 хувь нь “үр дүнтэй” болон “тодорхой үр дүнд хүрсэн” хэмээн дүгнэгдэж байгаа бол 6 ажлыг “эрчимжүүлэх шаардлагатай”, 7 ажлыг “үр дүнгүй, зорилго, зорилт, үйл ажиллагааг илүү сайн тодорхойлох шаардлагатай”, 3 ажлыг “үнэлэх боломжгүй, зорилго нь тодорхой биш” хэмээн үнэлсэн байна.
Тус хуралдаанаар төлөвлөсөн үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд зорилго, зорилт, үр дүн, шалгуур үзүүлэлт, шаардлагатай төсөв хөрөнгөө илүү сайн тодорхойлох, удирдлага зохион байгуулалт, хариуцлагаа дээшлүүлж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулах шаардлагатай байгааг анхаарууллаа.