Умард Солонгост баривчлагдсан америк оюутан буруугаа хүлээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-29 15:25:59

ПХЕНЬЯН. /TASS/.  Умард Солонгосын Засгийн газар өршөөл үзүүлж, гэр бүлтэй нь уулзуулна гэдэгт Пхеньян хотод нэгдүгээр сарын 2-нд баривчлагдсан Америкийн Виржини муж улсын их сургуулийн оюутан Отто Фредерик Вомбиер найдаж байна. Энэ тухайгаа тэрбээр өөрийнх нь хүсэлтээр Пхеньян хотод зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Вомбиер Бээжин хотоос жуулчдын багийн бүрэлдэхүүнд багтан Умард Солонгост 12 дугаар сарын 29-нд ирсэн байна. Түүнийг яагаад баривчилсан шалтгааны тухай ТАСС-ын сурвалжлагч асуухад, тэрбээр нэгдүгээр сарын 1-нд “Янгакто зочид буудлын гадаадын жуулчдад зориулсан албаны байранд орж, хананд нь өлгөөтэй байсан Солонгосын улс төрийн зурагт хуудсыг хуулан авсан” нь болсон гэжээ. Тэрбээр өөрийгөө “Америкийн Засгийн газрын Умард Солонгосыг чиглэсэн дайсагнасан бодлогын золиос болсон” гэж үзэж байгаа аж.

Санхүүгийн бэрхшээлд орсон байсан учир “хэрэв ийм зурагт хуудсыг АНУ-д авчирч чадвал их хэмжээний мөнгөн шагнал өгнө гэж амласан Методист сүмийн холбооны даалгавраар ийм хэрэг үйлдэхийг зөвшөөрсөн” гэж тэрбээр ярьжээ.

Д.Жаргал

 

 

Related news