"Тогтвортой хөгжил" түншлэлийн дагуу зоорь барихад хамтран ажиллахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-09 11:52:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны зүүн Азийн асуудлыг хариуцсан газрын дарга хатагтай К.Өллерс тэргүүтэй төлөөлөгчид  10 дугаар сарын 7-нд Сэлэнгэ аймагт зочилж, аймгийн “Тогтвортой хөгжил-түншлэл” хамтын ажиллагааны зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзан, харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.

Гадаадын зочдыг Зөвлөлийн гишүүн, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа хүлээн авч уулзаж аймаг орны хөгжил дэвшил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Сэлэнгэ аймгийн “Тогтвортой хөгжил-түншлэл” хамтын ажиллагааны зөвлөл нь салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд орон нутгийн хөгжилд төр, иргэний нийгмийн байгууллага, уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тэгш оролцоог хангаж уялдаа холбоотой хамтран ажиллах зорилготой.

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас Сэлэнгэ аймгийн төмс, хүнсний ногоо эрхлэгчдэд зориулсан зоорины асуудалд хамтран ажиллахаар судалгааны ажлаа хийж байгаагаа илэрхийлэв.

Манайхны ашиглаж байгаа нүхэн зоорийг илүү орчин цагийн хэв маяг загварт оруулах гэсэн хоёр арга хэлбэрээр судалгааг хийж байна гэж хатагтай К.Өллерс хэллээ.

Зочид уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гаргасан зарим бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, сонирхсон бараагаа худалдан авсан.

Ч.Отгонцэцэг

Related news