Маргааш дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-29 13:45:50

Жил бүрийн гуравдугаар сарын нэгэнд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг “Иргэний хамгаалалт ба мэдээллийн шинэ технологиуд” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.

Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан ОУИХБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга доктор Владимер Кувшинов мэндчилгээ ирүүлжээ. 

Уг мэндчилгээнд, өнөө үед байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн гамшигтай тэмцэх нь шинжлэх ухаан, технологийн салбарт тулгамдаж буй хамгийн том сорилтуудын нэг болоод байна. Хэрэв шинжлэх ухаан, технологийг зохистойгоор ашиглаж чадвал гамшгийн эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой. Бид газар хөдлөлт, хар салхинаас урьдчилан сэргийлж чадахгүй ч эдгээрийн хор уршгийг бууруулж чадна. Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага (ОУИХБ) нь гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх шинэ мэдээллийн технологийн хэрэглээг цаг үргэлж дэмжиж ирсэн. Иймээс энэ жил Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг “Иргэний хамгаалалт ба шинэ мэдээллийн технологи” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Бид одоо иргэний хамгаалалтын салбарт мэдээллийн технологийг оролцуулан мэргэжлийн ажиллах хүчийг илүү сайн бэлтгэхэд туслах орчин үеийн, шинэ механизмыг боловсруулах үе шатанд явж байна. Орчин үеийн шинжлэх ухаан, технологигүйгээр байгалийн гамшгаас хараат бус аюулгүй дэлхийг бий болгох боломжгүй. Байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүсэлтэй гамшиг ослоос зайлсхийх, эрсдэлийг бууруулах боломжийг бий болгосон шинжлэх ухаан, технологийн ололт амжилтуудад талархах нь зүйтэй.  Гамшгийн эрсдэлийг бууруулах ололт амжилтад бид хүрч чадсан. Одоо хийх цаг нь болсон. Энэ жил Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын 85 жилийн ой тохиож байна. Манай байгууллага нь анх 1931 онд Женевийн бүсийн нийгэмлэг нэртэйгээр байгуулагдаж байсан хэдий ч одоо ОУИХБ болтлоо өргөжин, том, нэгдсэн гэр бүлийг бий болгожээ. Миний бие Олон улсын иргэний хамгаалалтын өдрийн босгон дээр гавьяаныхаа амралтанд гарсан иргэний хамгаалалтын бүх шатны албан тушаал эрхэлж байсан ахмадууд болон одоо ажиллаж байгаа иргэний хамгаалалт, онцгой байдлын албаны албан хаагчдад гал халуун баярын мэндийг дэвшүүлье. Хүнд нөхцөлд орж, аюулд өртсөн хүн ардыг аврах үйлсэд үргэлж бэлэн зогсдог та бүхний эх зориг, эрс шийдэмгий байдалд гүнээ талархал илэрхийлье” гэжээ. Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага нь байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгийн үед хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг хамгаалах, туслах үйл ажиллагааг баталгаажуулах бүтцийг улс орнуудад хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой Засгийн газар хоорондын байгууллага ажээ. Тус байгууллагын эх үүсвэр 1931 онд тавигдаж, 1972 оны гуравдугаар сарын 1-нд ОУИХБ Засгийн газар хоорондын байгууллага болон байгуулагджээ. Монгол Улс Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс болсон. Энэ жилийн хувьд Онцгой байдлын ерөнхий газрын хувьд энэ өдрийг байгууллагаа олон нийтэд сурталчлан таниулах, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд спортын уралдаан тэмцээн зохион байгуулан тэмдэглэж байна. Маргааш анги байгууллагуудын дунд “Марш тактик” тусгай бэлтгэлийн тэмцээнийг  Хүй долоон худагт зохион байгуулах юм.

Ж.Батсайхан

Related news