“Дорнод авто зам” алдагдал хүлээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-25 16:55:12

Дорнод авто зам /MSE:DAZ/ компани 2015 оны санхүүгийн үйл ажиллагааны тайлангаа гаргалаа. Тайлангаас харахад компани 493.31 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан боловч 58.0 сая төгрөгийн алдагдал хүлээсэн талаар санхүүгийн тайландаа дурьджээ.

Борлуулалтын орлогын хэмжээг өмнөх онтой харьцуулахад 32.2%-иар буурсан үзүүлэлттэй гарсан бөгөөд энэ нь гэрээний дагуу төсвөөс олгодог санхүүжилт буурсантай холбоотой ажээ. Компани өмнөх онд 727.79 сая төгрөгийн борлуулалтын орлого олж, 2.25 сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан юм.

Харин 2015 онд хариуцсан улсын чанартай авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг гүйцэтгэх гэрээг Зам тээврийн яамтай байгуулан ажилласан бөгөөд оны эцэст гэрээ дүгнэхэд хангалттай сайн гэсэн үнэлгээ авсан юм байна.

Дорнод авто зам /MSE:DAZ/ компани нь Дорнод аймаг болон зэргэлдээх аймгууд, ОХУ, БНХАУ-тай холбогддог  нийт  7 чиглэлд 1250 км улсын чанартай зам, 1296 у/м төмөр бетон гүүрийн бэлэн байдал, зам  засвар арчлалтын ажлыг хариуцан ажилладаг юм.

Б.Туяа

Related news