Тамгын газрын “Чанарын баг” дулааны цахилгаан станцаас туршлага судлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-02-20 00:36:02

Дархан-Уул аймгийн ЗДТГ нь “ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо”-ны стандартыг энэ оны зургадугаар сард нэвтрүүлэхээр өнгөрсөн сараас бэлтгэл ажилдаа орсон. Энэ  хүрээнд тус стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа “Дарханы Дулааны Цахилгаан станц” ТӨХК-д аймгийн ЗДТГ-ын  “Чанарын баг” туршлага судаллаа.

Тус станц уг стандартыг хэрэгжүүлснээр ажилтнууд нь  мэдлэг чадвараа дээшлүүлэх замаар иргэдэд олон улсын жишгээр төрийн үйлчилгээг хүргэх зорилго тавьжээ.  “ДДЦС” ТӨХК нь 2007 оноос эхлэж “Ажлын байрны соёл-5С”, “Кайзен санал”, “Чанарын дугуйлан” зэрэг бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслүүдэд суурилсан “Өөрчлөлтийн менежмент” хөтөлбөрийг амжилттай  хэрэгжүүлжээ. Тэрээр 2013 оны гуравдугаар сараас олон улсын “ISO 9001 стандарт”-ын дагуу “Чанарын удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлэх ажлыг эхлэж 2015 онд гэрчилгээг нь гардаж авсан. Ингэснээр байгууллагын ажил сайжирч хэрэглэгчийн сэтгэл ханаж дээшилсэн байна. Тус станц 460 ажиллагсадтай. Эдгээр ажилчдын ажлын байранд сар бүр аудит хийж дүгнэлт өгч урамшуулал олгодог байна.

Мөн уг чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр ажилчдаас сэтгэл ханамжийн судалгаа, санал зэргийг авч ажилчдын зөвлөгөөн хийх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах ажлуудыг хийж иржээ. Түүнчлэн Олон улсын томоохон төсөлд хамрагдахад тухайн байгууллага нь  ISO 9001 стандартын дагуу Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэн эсэх нь том давуу тал болдог гэж тус Станцын гүйцэтгэх захирал О.Нямдаваа ярилаа.

                                                                         Б.Норовсамбуу

Related news