“Хүн газар ээжийн буяныг дааж амьдрах ёстой”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-02-12 01:43:49

Сар шинийн баяраар “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгарсан Дархан сумын тавдугаар багийн тариаланч Д.Цэцэнхүүд аймаг, сумын удирдлагууд “Улсын тэргүүний тариаланч”-ийн цол, тэмдгийг нь гардууллаа.

Д.Цэцэнхүү нь 1998 оноос таван га газарт төмс, хүнсний ногоо тариалж эхэлснээс хойш тасралтгүй 16 жил тариалалт хийж 5-60 га газар хүртэл өргөжүүлсэн. Сүүлийн гурван жилд эргэлтийн 60-90 га газраас 30-45 га-д уринш хийж , 30-45 га-д нь 3-4 төрлийн хүнсний ногоог тариалж га-аас авах ургацыг жилд усалгаагүй талбайн га тутмаас 180-200 цн, усалгаатай талбайгаас тогтмол 250-400 цн ургац хурааж авдаг байна. Тэрбээр 2008 онд “Манлай ургац” ХХК-ийг үүсгэн байгуулж найман ажилчинтай эхлэсэн бол  одоо өргөжиж сумынхаа 24-28 хүнийг байнгын, ургац хураалтын үеэр Дархан Техникийн Коллеж, МСҮТ, их дээд сургуулиудын 100-150 оюутныг түр ажлын байраар хангаж иржээ.

Мөн иргэдэд стандартын шаардлага хангасан төмс, хүнсний ногоог нийлүүлэх зорилгоор 2012 онд ХХААЯ-аас зарлагдсан “Зоорийг сэргээн засварлах” төсөлд шалгарч өөрийн 1500 тн-ын багтаамжтай зооринд 114.0 сая төгрөгийн урсгал засвар хийж бүрэн ашиглалтад оруулсан байна. Д.Цэцэнхүү нь өнгөрсөн онд “Аймгийн тэргүүний тариаланч”-аар шалгарч байсан юм.

Тэр хэлэхдээ:-“Газар ээжийн буян хишиг их ээ. Тэр л буяныг хүртэхийн тулд газраа хайрлан хамгаалж үржил шимийг нь алдагдуулахгүй байх ёстой. Тэгээд “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдгийг санаж ургацаа хадгалах хүрэлцээтэй сайн зоорьтой байх нь чухал” гэв.

                                                      Б.Норовсамбуу

Related news