Цахилгааны тоолуурын заалтыг таамгаар бичсэний гайгаар тооцоо нь хуримтлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-18 10:43:26
oyuka_hu@yahoo.com

“Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК  / “ЭБЦТС” ТБӨК/-ийн хоёр ажилтан айл өрхийн цахилгааны тоолуурыг хуулийн дагуу шалгаж, бичилт хийгээгүйн улмаас ажлаасаа халагджээ.

Тухайлбал, Булаг багийг хариуцдаг байцаагч н.Баттулга, Цагаанчулуут багийг хариуцдаг байцаагч н.Ганхуяг нарыг ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр саяхан ажлаас нь чөлөөлжээ. Тэд хариуцсан багийнхаа өрхийн цахилгааны тоолуурыг хянаж, шалгалгүйгээр таамгаар бичсэний гайгаар энэ сард зарим айлын цахилгааны төлбөр их гарсан байна. Өнгөрсөн сард хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг төлөхөөр очсон иргэд өмнөхөөсөө 200-400 кВт-аар нэмэгдсэн тооцоог төлөхгүй гэж мэдэгдсэний дээр Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 7035-3511 утсанд мэдээлжээ. Үүний дагуу “ЭБЦТС” ТӨХК Хяналтын комисс гаргаж уг асуудлыг шалгаж байна. Хэрэв шалгалтаар тухайн айл өрх нь их хэмжээний цахилгаан хэрэглэсэн нь нотлогдвол төлбөрөө төлөх үүрэгтэй гэнэ. Гэхдээ тоолуурыг нь хэвийн ажиллаж байгаа эсэхэд нь дотоодынхоо лабораторид шалгуулах ажээ.

Ер нь гэр хорооллын айл сард дунджаар 150 кВт цахилгаан хэрэглэдэг бол гомдол гаргасан айл өрхийнх дунджаар 300 болон түүнээс дээш кВт гарсан байна. Мөн цахилгааныхаа мөнгийг төлдөггүй айлын төлбөрийг өөр өрх давхар төлж байж магадгүй гэсэн хардалт иргэдийн дунд байгаа тул үүнийг ч гэсэн шалгуулах хүсэлтэй байгаагаа 7035-3511 утсанд мэдээлжээ. Энэ бүх асуудлыг Хяналтын комисс шалгаж үзээд  ирэх сард дүгнэлтээ олон нийтэд танилцуулах ажээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Related news