Голланд алим тарих туршилт амжилттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-09-07 08:58:47
Ховд/МОНЦАМЭ/Буянт голын хөвөөнд Голланд алим ургаж, ургалт гүйцэж, нутгийн хөрснөөс алим түүж идэх  цаг хугацаа ойртсон нэгэн сайхан мэдээг дуулгахад таатай.байна.
 
Монгол Улсын хөрс цаг уурын нөхцөлд тохирсон “том жимст улаан алим”-ны модыг туршилт судалгааны зориулалтаар Голланд улсаас авчирч Говь-Алтай аймгийн Шарга, Ховд аймгийн Жаргалант, Өмнөговь аймгийн Гурван булаг сумуудад туршилтаар тариалж байгаа гэнэ. Уг туршилт судалгааны ажлыг эрдэм шинжилгээний ажилтан доктор Д.Хандсүрэн, Х.Батнаран, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын ургамлын хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагч Бужийновын Амгалан нарын удирдлага доор хэрэгжүүлжээ.

Голланд алимны модны туршилт судалгааны ажлыг Ховд аймгийн Жаргалант сумын иргэн ойжуулагч Лхавгадорж гардан хариуцаж ажиллаж байна. Тэрбээр ”Ховд аймгийн Жаргалант суманд туршилтаар тариалагдсан алимны мод нь маш үр дүнтэй арвин их ургац өгөх боломжтой,.Буянт голын үржил шимт хөрсөнд Голланд алим тарих туршилт амжилттай хэрэгжиж, хөрс,ус, агаар орчинд үнэхээр тохиромжтой юм. Тун удахгүй алимны болц гүйцэх гэж байна. Гаднаас алим авахгүй дотоодоо, нутгийнхаа үржил шимт хөрсөнд алим тарьж,түүнийгээ худалдаад авах боломж нээгдлээ” гэж ярилаа.

Ховд аймгийнхан гаднаас алим худалдан авахгүйгээр нутгийн хөрсөнд шинэ сортоор тарьсан алимыг манай туршлагатай ногоочид тарьж, ургуулах бүрэн боломжтой. Ховдын ногооны зах дээр ажилладаг зарим агронимч, тариаланчид "Бид өөрсдөө алим жимсээ тарьж чадна,төрөөс бодлогоор дэмжээд өгөөч" гэдэг саналыг олонтаа хэлж байсан юм.
Дээрх алимны модны туршилт, судалгаа Ховдын тариаланчдад ургацын төрлөө шинэчилж, эх орны хөрсөнд ургасан эрүүл хүнсний тоог нэмэгдүүлэх чухал боломжийг олгож байна.   

Нутгийнхаа хөрсөнд алим тарих туршилт судалгааны ажил  хэрэгжүүлэх энэ ажлыг   Ховд  аймгийн ХААГ-ын ерөнхий агрономичоор олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан Бужийновын үр хүүхдүүд эхлүүлжээ. Аавынхаа нэрэмжит Голланд алим төсөл хэрэгжүүлж, нутгийн хөрсөнд ургаж, туршилт судалгаа амжилттай болсонд тарьсан ойжуулагч, алим тарихыг санаачилсан Бужийнов агрономичийн хүүхдүүд, нутгийн иргэд ажлын үр дүнгээ нүдээр үзэж тун сэтгэл хангалуун байна.

Ховдын намрыг жил бүр гоёдог амтат тарвас, тинго, улаан лооль ,интоор зэрэг жимсний төрөл ирэх намар нэгэн шинэ төрөл  нутгийн хөрсөнд тарьсан алимаар гангарах цаг ойртож байна.
     А.Бямбасүрэн
 
相关新闻