Булган аймаг 300 га талбайд чацаргана тариална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-20 14:20:47
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ хавар “Чацаргана” төсөл хэрэгжүүлж 300 га талбайд чацаргана тариалахаар төлөвлөж байгаа юм. “Чацаргана” төслийг хэрэгжүүлэхээр олгосон талбайг хаших, услалтын систем, усалгааны тоног төхөөрөмж, трансформатор барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрхийг сумын Засаг дарга нарт олголоо. Аймгийн хэмжээнд 200 га чацарганы талбай хаших, 52 усалгааны тоног төхөөрөмж, нэг услалтын системээр хангахад 325,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг байгаль хамгаалах сангаас хийхээр төлөвлөөд байна.
-Чацаргана тариалах хөрөнгө оруулалтын зарим асуудлыг шийдсэн. Одоо ажиллах хүчний нөөцийг бэлтгэж эхэлж байгаа. Чацаргана тариалагчдад мэдлэг чадвар олгох сургалтыг “Монголын чацаргана тариалагч үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо”-той хамтран 4 бүсэд зохион байгуулна. Сумаас чацаргана тариалахаар санал өгч шалгарсан иргэдийг сургалтад хамруулж, сургагч багшаар бэлтгэж, энэ хаврын тариалалтын ажлаа эхлүүлнэ гэж аймгийн Засаг даргын зөвлөх О.Гантулга ярьлаа.
Өмнөх бүсийн сумын иргэд оролцсон сургалт маргааш Дашинчилэн суманд эхэлнэ.
М.Батжаргал
相关新闻