БУЛГАН: Авто тээврийн салбарын 100 жилийн ой тохиож байна
ФОТО МЭДЭЭ
Булган 2025 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг Булган аймгийн Авто тээврийн салбарынхан долоодугаар сарын 12, 13-ны өдөр тэмдэглэж байна.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1951 оны 168 дугаар тогтоолоор Хөвсгөл, Булган аймгийг хамарч үйлчлэх Булган аймгийн Авто тээврийн VIII баазыг анх 2 гэр, Зил-5 маркийн 20 авто машинтайгаар байгуулжээ.
Авто тээврийн VIII бааз нь социалист хөдөлмөрийн болон саятан хөдөлгөөнийг өрнүүлж, дөрөв, таван жилийн төлөвлөгөөг хугацаанаас өмнө давуулан биелүүлж ирсэн учир V, VI, VII, VIII таван жилийн “Гавшгайч хамт олон” болж байв. Тус бааз нь ачаа тээвэр, үйлчилгээ, санхүү эдийн засаг, үйлдвэрлэлийн гэсэн дөрвөн том хэлтэстэй, 190 орчим жолооч тээвэрчин, засварчин, нийт 240 гаруй ажилтантай улс орны, аймгийнхаа тээврийн үйлчилгээний өргөн хэрэгцээг ханган ажиллаж байсан юм.
Тус баазад ажил хөдөлмөрөөрөө улс орон даяар алдаршсан БНМАУ-ын ачаа тээврийн улсын анхны аварга саятан жолооч С.Нацаг-Юм, БНМАУ-ын гавьяат тээвэрчин, резин дугуйн улсын хошой аварга "Саятан жолооч" Ц.Ямааранз, ачаа тээврийн улсын аварга жолооч Б.Чойдог, зорчигч тээврийн улсын аварга "Саятан жолооч" С.Сэмжид, зорчигч тээврийн улсын аварга жолооч Ж.Даваасүрэн, зорчигч тээврийн аймгийн хоёр удаагийн аварга, гурван 5 жилийн гавшгайч, "Саятан жолооч" Д.Ламзав, З.Бямбаа, Б.Жигжид, байгууллагын дөрвөн удаагийн аварга хөдөлгүүр засварчин Ж.Дашцэрэн, байгууллагын аварга гурван 5 жилийн гавшгайч "Саятан жолооч" Б.Батсүх, С.Василь, Б.Жамьяан, МАХН-ын XVII их хурлын төлөөлөгч "Саятан жолооч" Л.Дарамжав, байгууллагын хошой аварга, 4, 5 жилийн гавшгайч "Онц тээвэрчин" Д.Дамдиндорж нарын зэрэг алдар нэртэй жолооч нар ажиллаж байв.
Улмаар ахмад тээвэрчид залуу жолооч нарт ажил амьдралынхаа баялаг туршлагыг өвлүүлэн эзэмшүүлсний үр дүнд МҮЭ-ийн XI их хурлын төлөөлөгч, ачаа тээврийн аймгийн хошой аварга, дөрвөн 5 жилийн гавшгайч Г.Шижирбаатар, МҮЭ-ийн XII их хурлын төлөөлөгч ачаа тээврийн хошой аварга 5 жилийн гавшгайч Н.Батчулуун, МҮЭ-ийн XII их хурлын төлөөлөгч ачаа тээврийн 3 удаагийн аварга, 5 жилийн гавшгайч Ж.Дорждэрэм, ачаа тээврийн аймгийн 3 удаагийн аварга 5 жилийн гавшгайч М.Очирбат, аймгийн ачаа тээврийн аварга, байгууллагын 3 удаагийн аварга 5 жилийн гавшгайч Б.Батшагдар, ачаа тээврийн байгууллагын хошой аварга 5 жилийн гавшгайч Э.Дулам, байгууллагын дөрвөн удаагийн аварга, 5 жилийн гавшгайч засварчин Л.Гончигжав, байгууллагын аварга 5 жилийн гавшгайч Я.Энхнасан, Н.Болд, Д.Цогтсайхан, Ц.Мягмарсүрэн, Д.Долгор зэрэг тэргүүний жолооч тээвэрчид олноор төрөн гарсан баялаг түүхтэй бааз юм.
Баярын энэ өдрүүдэд үе үеийн авто тээврийн байгууллагын хүндэт төлөөлөгч, зочид, ахмад буурлуудаа оролцуулан баярын хурал хийж, Булган аймгийн ИТХ-ын дарга Ж.Ганболд, Засаг дарга Д.Пүрэв-Очир, Засаг даргын орлогч О.Ундрах, Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх Б.Золбоо нар шагнал гардуулсан бол өнөөдөр баярын парадын үйл ажиллагаагаар үргэлжилж байна.












