БУЛГАН: Жаран долоон жилийн түүхтэй саятан жолооч нарын хаалга

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-07-14 17:33:58

Булган, 2025 оны долоодугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын анхны 100 000 саятан тээвэрчин гэсэн алдрыг Булган аймаг дахь VIII баазын жолооч Жадамбын Чүлтэмд олгоход энэхүү “Аймгийн 100 000 саятан тээвэрчдэд зориулав” гэсэн цагаан хаалгыг 1958 онд босгож байжээ.


1950-иад оны сүүлчээс жолооч нарын дунд "Зуун мянгат" болон "Бумтан" жолооч, 1970-аад оноос "Саятан жолооч"-ийн хөдөлгөөн өрнөж байсан түүхтэй. Монгол Улсын анхны 100 000 саятан тээвэрчин хэмээх шагнал нь 100 000 км болон сая км зам туулсныг ийнхүү тодотгон шагнаж машиных нь хаалган дээр бичиж тэмдэглэдэг байжээ. 


Ж.Чүлтэм нь 1916 онд Булган аймгийн Хангал сумын Улаантолгойд Жамбын 2 дахь хүү болон төржээ. Бага насаа аав ээждээ туслан мал маллаж 10 орчим насандаа Ламын хийдэд ном сурахаар орж, дараа нь цэрэгт татагдан 1939, 1945 оны дайнд оролцон сайшаагдаж жолооч болох тушаал авч жолооны салаа ангид хуваарилагдаж байжээ.


Энэ цагаас эх орныхоо аль хэрэгцээт газар томилогдон армийн болон монголын эдийн засагт оруулах ачаа тээврийн бүхий л үйлсэд зүтгэжээ. Мөн эх орныхоо өнцөг булан бүр лүү авто зам гаргах ажлыг хийлцэн, жолооч болон слесарь бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ дайчлан ажиллаж байжээ.


1951 онд Булган нутагтаа томилогдон ирж анхны Морин өртөөг, анхны тээврийн VIII баазыг үүсгэн хөгжүүлэх тээвэрчин гэдэг нэр хүндтэй ажилдаа өвлийн хүйтэн зуд, шавар, ус, зуны халууныг эс тоон шаргуу хөдөлмөрлөж явсан жолооч нарын нэг байлаа.


Түүний эх орон, бааз, хамт олноо хөгжүүлэх чармайлт зүтгэлийг нь үнэлж Монголын анхны 100 000 саятан тээвэрчин хэмээх алдрыг олгоход аймаг даяараа баярлан угтаж Майхан толгойд 2 шургааг босгон улаан даавуун дээр лоозон бичиж сургуулийн хүүхдүүдийг бүрээ бөмбөр үлээлгэн “Ардын хянан шалгах хороо"-ны дарга Жавзмаа гуай тэргүүтэй удирдлагууд ард иргэд хүүхэд багачууд хүлээн авч байжээ.


Энэхүү цагаан хаалга хожим он жилийн уртад эвдэрснийг түүний охин Ч.Алимаа 1995 онд Авто тээвэр үүсэж хөгжсөний 70 жилийн ойгоор нутгийнхан болон аавдаа зориулан ээжийнхээ хүсэлтээр “100 000 саятан жолооч нарын цагаан хаалга"-тай болгох хөрөнгийг гаргаж засварлан бариулжээ.


Булган аймгийн өмнөөс ороход 100 000 саятан тээвэрчдийн хаалган доогуур гардаг бол өнөөдөр 100 жилийн ойгоороо зүүн хойноос нь ороход Авто тээврийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жил хэмээх угталт, үдэлтийн хөшөөг босгож нээлээ.
















相关新闻