“Ээж мод”-ыг чиглэсэн хөдөлгөөн их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-04 17:39:58

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Олон Улсын автозам дагуух тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсч байгаа тул хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй оролцохыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.

Жил бүрийн хаврын дунд сарын ханш нээх энэ өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас холгүй Шаамар сумын нутагт орших "Ээж мод”-ыг тахих, зам мөрөө даатган залбирах, мөргөх, шүтэх иргэдийн хөдөлгөөн энэ зүгт чиглэдэг. Үүнтэй холбогдуулан өнөөдөр “Ээж мод”-ыг зорих нутгийн болон бусад аймаг, хотуудаас ирэх гийчид, сүсэгтэн олны хөдөлгөөний аюулгүй байдал, хэв журам сахиулах чиглэлээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид нэмэгдэл хүч гарган ажиллаж байна.

Хөдөлгөөнд оролцож буй жолооч бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний сахилга, соёлыг чанд сахин оролцох. Түүнчлэн олон нийтийг хамарсан арга хэмжээний үед сүсэгтэн олон, иргэд эд зүйлээ тээврийн хэрэгсэл болон байрлаж буй байрнаасаа хулгайд алдах, цүнхээ зүсүүлэх, суйлуулах зэрэг халдлагад өртөхөөс сэргийлж, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг тус албанаас анхааруулж байна.

Ч.Отгонцэцэг

相关新闻