Сүүн сэтгэлийн нөмөрт жавар хургадаггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-04 15:47:17

Булган /МОНЦАМЭ/ Ганцхан туулах насанд хүнд юу эс тохиолдох билээ. Энэ хорвоод сайхан амьдрахын төлөө зориг гарган тэмүүлж гуниж, гутрахыг тэвчиж урагш харах тэнхэл эмэгтэй хүний хувьд “хатуу” шийдэл юм уу гэх бодол Энхээ бүсгүйн туулсан замыг бодоод төрсөн билээ.

-За даа. Надад үр заяасан ч намайг голоод буцлаа гэж бодож нөхөртөө хоёр тийшээ больё. Залуу нас байна. Чи өөр хүнтэй ханил даа. Бид хоёрт үр дутуу орчлон юм байлгүй дээ гэж шулуухан хэлж шийджээ.

Хоёроо үрээ алдсан эхийн сэтгэл ямар байх билээ. Ийм хувь тавилан түүнд иржээ. Залуу байсан болохоор гутарсан ч гундахгүй байхыг бодсон биз.

Энхээ Өвөрхангай аймгийн Хархорины арван жилийн сургууль 1981 онд төгссөн. Тээврийн ТМС-ийг онц төгсөөд Техниккумд дэвшин суралцаж дүүргэсэн аж. Өвөрхангай аймгийн автотээврийн 15-р баазаас хөдөлмөрийнхөө гарааг эхэлж, автын цахилгаанчин хийж байжээ. Зах зээлд шилжиж амьдралын эрхээр Дархан-Уул аймагт шилжиж арилжаа наймаа хийж амьдрах болов. Энэ үеэс түүний амьдралд үнэхээр хүнд өдрүүд тохиолдож байжээ.

Тэр бүхнийг сэтгэлийн хатаар давсан гэлтэй. Аав нь өөд болж, арван гуравтай хүү нь нас барж, долоо хүрсэн охиноосоо хагацав. Тэгээд л Дархан хот руу явалгүй дүү нараа дагаж амьдрахын төлөө зүтгэжээ.

Зах зээлийн эхэн үе 1990-ээд оны дундуур Булган аймгийн Өлзийт тосгон гэж хуучин оросын цэргийн хотхон байсан газар олон газрын хүмүүс цугларч тоосго цуглуулж хоногийн хоолтойгоо залгаж байсан. Эгэл бор ийм амьдрал дотор Энхээ бүсгүй байлаа.

Хишиг-Өндөр суманд явж байгаад нэлээд хүмүүстэй танилцсаны нэг нь одоогийн хань Энхбат юмсанж.

-Дуу муутай. Хүнийг хараад инээмсэглэсэн. Дөлгөөхөн хүн байсан. Хувцасаа их цэвэрхэн өссөн. Гутлаа гялалзтал тосолсон байсан гэж одоо дурсах дуртай. Мөнгөний хэрэг болоод түүнээс асуулгахад тусалсан юм билээ. Түүнээс хойш л хэн хэн нь амьдрахыг хүсэж тоонотод толгой холбосон гэдэг.

Энхбатын хувьд нарт хорвоод эв эрүүл, сав саруул сайхан төрчихөөд гэнэт эрхтэн дутуу болохын шаналан амссан нэгэн. Хишиг-Өндөр сумын сургуулийг дүүргэж төмөрзамын ТМС төгсөж тэр үеийн залуучуудын уриа дуудлагаар очиж бүтээн байгуулж байсан Бэлэндалай хэмээх газар үеийнхэнтэйгээ хөдөлмөрлөж явсан. Сайн ажиллаж тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зураг нь хүртэл тавигдаж байжээ. Сонины хайчилбар нь тэдний гэрийн нэгэн ховор дурсгал болон хадгалаатай яваа.

Тэндээсээ цэрэгт мордож албаа хаагаад нутагтаа амьдрахаар шийдсэн. Харамсалтай нь хатгаа тусч буруу эмчилгээ хийлгэснээр чих нэг мөсөн сонсголгүй болсон юм. Босгосон амьдрал нь талаар болсон гэдэг. Сайн байсан охин салаад явлаа. Ангийнхаа нэг эмэгтэйтэй нийлж амьдарсан ч тэр нь өөд болжээ.

Энхбатын хувьд ертөнцийн агуу сайхан аялгуу бүхнийг үл мэдрэх хүний давчидмаар энэ зовлонг тэр амар амгалангийн дээдээр давж яваа гэлтэй. Бичиг үсгийн боловсролтой учир ном, сонин их уншиж мэдээлэл авна. Нутаг нугынхаа орчин тойронг үргэлжид ажиглана.

Ямар сайндаа малаа алдсан хүмүүс “чих” Энхээгийн зүг жирийлгэхэв. Тэдний тийм зүсмийн адуу тэнд байсан. Одоо тэнд байгаа гэх зэргээр төлөгчөөс илүү айлдана даа.

Хоёр Энхээ элэг бүтэн амьдралын төлөө сэтгэл нийлжээ. Охин өргөж авч өөрийнх болголоо. Хонгороо охин нь бүрэн дунд сургуулийн ахлах ангид суралцаж байна. Мөн гэрийн эзний хүүтэй болох мөрөөдлийг биелүүлжээ.

-Нэг бандийг ээж нь асрамжийн газар өгөх гээд байна гэж Энхбатын дүү нар хэлсэн. Хурдхан Эрдэнэт хот орлоо. Хүүгээ харсан чинь тураалд нь оруулчихсан байсан. Энхээ маань эхлээд голоод...

Тэгэхлээр нь хүнийг хүн голж болохгүй. Эрүүл хүүхэд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд лав биш. Ээж нь хүүгээ авахаар ирлээ гэсэн чинь дагаад гараад ирсэн. Тэгээд шар сүүнд оруулаад аятайхан болгоод авсан.

Энэ хүнтэй ханилаад сайхан л байна. Охин өргөж аваад л аргамжааны морь дөхүүлэх хүүтэй больё гэхээр нь хүүтэй болсон. Одоо сайхан л байна. Дөрвүүлээ хэмээн гэрийн эзэгтэй хүүрнэсэн.

Энхбаттай ямар ч хүн бичгээр илүү сайн “ярьж”, дохиогоор ямар ч байсан ойлголцоно.

-Манайх Шивэрт, Сантаас хөдлөхгүй. Хэдэн мал ч эндээ нутагшсан. Энүүхэндээ өвөлждөг. Нутаг сайхан. Хүүгээ сайн малчин болгох санаатай гэж Энхбат ярьж сууна. Энхбатынх олон хүнийг малжуулжээ. Эхнэрийнхээ дүүг малтай болгож өрх тусгаарласан. Тэднийхийг дагасан С.Батбулган мянгат малчин болсон гэдэг. Энхбатын ганц шавь нь гэнэ. Түүнийг дагаж хэдэн ямаа маллаад 1000 гаруй малтай болсныг нутгийнхан андахгүй.

Хүнд малч ухаан заахдаа эвсэг гэж түүнийг хэлэх юм билээ. Олон таван үггүй, өөрөө дагуулж сургадагт байлгүй дээ. Тэгээд ч зарим малчин шиг сургаар биш, нүдээрээ малаа хариулж, тоогоор биш зүсээр нь бүртгэдэг, улирлын өнгийг харж мэдэрдэг болохоор жинхэнэ малч ухаан түүнд суусан нь гарцаагүй.

Мал сүргийнхээ чанарт их анхаардаг гэнэ. Сэлэнгийн угшилтай, шинэ монгол адуу гэж азарга авсан аж. Эр тугалаа намар засдаг сайн малчдын туршлагыг хэрэгжүүлээд хэдэн жил болж байгаа гэнэ.

Овоо зэгсэн малтай, бас унаа машинтай тов хийсэн Алтангэрэлийн Энхбатынх гэдэг нэгэн өрх Булган аймгийн Хишиг-Өндөр суманд бий.

Хаа хамаагүй хүний гурвын гурван хүнийг тэжээж тэтгэж явна гэдэг их ухаан шүү гэж ханиа магтан “энийгээ сонсголтой болгох гэж нэлээд үзлээ. Болохгүй юм болдоггүй юм билээ” гэж эхнэр нь санаа алдсан.

Хэрүүлийн үггүй хөдөөгийн бор гэрт сэтгэлийн жаваргүй амьдрах шиг жаргал үгүй бус уу. Энхбатынх гэдэг айлын амьдрал элэг бүтэн энэ орчлонд юунаас ч агуу санагдана.

Хайрын тухай дуулах ханийнхаа үгийг үл сонсох ч түүний тухай зөнгөөрөө мэдэрсэн эрийн нүдний аяганд нулимс мэлмэрснийг хараад өөрийн эрхгүй өрөвдөж билээ. Дутуу орчлонг гүйцээж амьдрах хүний сайхан сэтгэл ээ гэж...

Сүүн сэтгэлийн нөмөрт жавар хургадаггүй, мэлмий нь тунгалаг байдаг шиг ээ.

М.Батжаргал

相关新闻