Хагас сард 6000 малын данс дугуйллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/. Булган аймагт өнгөрсөн хагас сарын хугацаанд 6000 мал хорогдож, оны эхний нийт малын 0,6 хувь буюу 16357 мал данснаас хасагджээ. Хорогдсон малын дийлэнх нь бог бөгөөд үүнээс хонь 7100 толгойгоор багаслаа.
Орхон, Сэлэнгэ, Баян-Агт суманд том малын хорогдол 700-1300 толгойгоор нэмэгдэж, нийтдээ 2146-2973 мал хорогдсон нь аймгийн хэмжээний нийт хорогдлын тал илүү хувийг эзэлж байна.
-Өнгөрсөн өвөл их хэмжээгээр цас орсон нутагт бэлчээрийн хомсдол үүссэн. Үүнээс шалтгаалж мал их турж онд орсон. Өвлийн хатуу хөрлөсөн цас малтсан мал их ядарсан. Ялангуяа бод мал үхэр, адуу их турсан. Нэгэнт ядарсан мал халдваргүй өвчнөөр өвчлөх нь ихэсч малын хорогдол нэмэгдэж байна гэж аймгийн ЗДТГ-ын хөдөө аж ахуйн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Бадамсүрэн ярьлаа.
М.Батжаргал