Ханиад томуу ихсэж хүүхдийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-11 10:47:19

Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, Хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдэж ханиад хатгаа туссан хүүхэд олноор ирж байна. Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт хоногт ирж буй дуудлагын ихэнх хувийг хүүхдийн өвчлөл, зүрх судас, даралт ихэссэн дуудлага эзлэж байгааг эмч,сувилагчид хэлж байгаа юм.

Он гарсанаас хойш БОЭТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг нийт 300 гаруй дуудлага хүлээн авчээ. Хоногт 120-130 хүн ирж үзүүлж байгаагийн 70 гаруй хувийг ханиад томууны өвчлөл эзэлж байна.

Ховд аймгийн БОЭТ-ийн хүүхдийн тасаг 30-аадхан ортой. Жилийн жилд хүүхдийн эмнэлэг өвөлдөө ачааллаа дийлдэггүй. Өнөөдрийн байдлаар тус тасагт 78 хүүхэд хэвтэн эмчлүүлж, орны ачаалал нэг дахин нэмэгдсэн байна. Амбулаторийн үзлэгийн дийлэнхийг ханиад томуу өвчин эзэлж, хүүхдийн тасгийн эмч нар үдийн цайндаа явж чадахгүй ачаалалтай ажиллаж байна. Ханиад томуугаар өвчилсөн хүүхдүүдийг өрхийн эрүүл мэндийн төв дээр үзүүлж, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлага тавьж байгаа хэдий ч өвчин хүндэрч хатгаа болж халуурч, цагийн тарианд орох шаардлагатай учраас ийнхүү хүүхдийн тасгийн ачаалал нэг дахин ихсээд байна.

БОЭТ-ийн орлогч дарга Б.Анхбаяр энэ ачааллын үед хүүхдийн тасагт эмч, сувилагч нэмж ажиллуулах, өрхийн эрүүл мэндийн газруудыг уртасгасан цагаар ажиллуулах хэрэгтэй байгаа талаар санал хэлж байна. Улсын хэмжээнд хямдрал зарлаад байгаа 10 нэр төрлийн эмийн хямдрал арга ядаж байхад манай аймагт журам нь ирээгүй байгаагаас хэрэгжихгүй байна гэж Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн ярилаа.

Бас тус аймгийн хөдөөгийн сум Булган, Үенч, Алтай, Цэцэг, Мөнххайрхан, Дөргөн сумдад ханиад томуу их хэмжээгээр гарч, ялангуяа бага насны хүүхдүүд ихээр өвчилж байгаа төдийгүй зарим хүүхдүүд аймгийн эмнэлэг рүү эцэг, эх нь авч ирж байна. Өнгөрсөн жил тус аймагт вирусын гаралтай ханиад томууны дэгдэлт энэ жилийнх шиг ихэсч, бүр хавар гурван сар хүртэл үргэлжилж байсан юм. 

Аймгийн төвийн зарим цэцэрлэг нэг ангид 5-10 хүүхэд ирж байгаа гэнэ. Ханиад томууны дэгдэлтийн үед хөл хорио тогтоох асуудлыг Жаргалант сумын засаг дарга захирамжаар шийдвэрлэх эрх байдаг боловч одоогоор ямар нэг шийд гараагүй өвчлөлийн тоо нэмэгдсээр байна. Жилийн жилд ханиад томуу ихсэж, хүүхдийн эмнэлэг ачаллаа дийлдэггүй, бага насны хүүхдүүдэд эмнэлгийн орны хүрэлцээ байдаггүй “гажиг” тогтолцоог өөрчлөх талаар Эрүүл мэндийн яам, аймгийн удирдлагууд дорвитой шийдвэр гаргаж нэг тийш нь болгоосой гэдгийг эцэг эхчүүд хэлж байна.

А.Бямбасүрэн

相关新闻