Дөрвөд тэрлэгний хормой хөвөөгүй байдаг нь нэг нутагт хашигдахгүй гэсэн санаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДДөрвөдүүд ХIХ зууны сүүлч ХХ зууны эхэн үед бусад монголчуудтай адил эрэгтэй, эмэгтэйгүй нэхий, хурганы арьсаар хийсэн дээл өмсдөг бол, зуны улиралд бөс даавуу, торго дурдангаар хийсэн тэрлэг өмсдөг байжээ.
Дөрвөдүүд үстэй дээлийг ”дэвэл”, “үч”, зуны тэрлэгийг “лавшиг”, эхнэрүүдийн өмсдөг ёслол, хүндэтгэлийн хувцсыг ”цэгдэг”, “тэрлэг” гэж нэрлэнэ. Дөрвөдөд дээл хувцасны хэсгүүдийг дараахь байдлаар нэрлэдэг. Үүнд: дээлийн энгэрийг “өвөр”, нударгыг “нудрам”, дээлний энгэр, хормойн эмжээр гоёлыг “хатгаар”, “кааз”, “цалам”, “зүрхэн омог”, “нари”, “дайз”, “балбалж”, “хош”, “тушаа”, гутлыг “госон”, малгайг “малхай” гэж нэрлэх жишээтэй.
Дөрвөдүүд өвлийн цагт цагаан нэхийгээр оёсон дээл өмсөнө. Дээл нь оноогүй, хормойн хэсэгт эмжээргүй. Дээлийн хөвөөг “цалам”, энгэрийн эмжээрийг ”манз” гэж нэрлэдэг. Өнгө татаж хийсэн нимгэн үстэй, хурган дотортой дээлийг “үч” гэнэ.
Эрэгтэйчүүд цагаан өнгийн дээл өмсөж, хөх бүс бүсэлнэ. Бүснийхээ хоёр үзүүрийг хоёр хонго руугаа уртхан унжуулдаг. Эрэгтэй тэрлэг нь хар хилэнгээр хөвөө цалам тавьсан, эргэсэн зах, эргэдэг нударгатай. Уг дээл нь ташаандаа хөндөлтэй, бараан өнгийн хөвөөтэй, улаан өнгийн буу (гурвалжин) хээ бүхий оноотой. Хормойн хэсэг нь хөвөөгүй, бүснийхээ хоёр үзүүрийг унжуулж бүсэлдгээрээ бусдаас онцлог.
Дөрвөд эхнэрүүд хар хөх өнгийн тэрлэг өмсөнө. Тэрлэгний энгэр, захад 5 мөнгөн товч хадаж сугаа бүчилдэг. Тэрлэгний өвөр хийгээд нудрамыг хоргойгоор хөвөөлж, солонгон тууз хадна. Тэрлэгний хормой нь хүрээ (хөвөө)-гүй байдгаараа ойрадын бусад ястнаас ялгамжаатай. Хөвөөгүй байдаг нь нэг нутагт хашигдахгүй, хаашаа ч чөлөөтэй гарч болно гэсэн санааг агуулдаг ажээ.
А.Бямбасүрэн