Төрөөс 2017 онд баримтлах мөнгөний бодлогыг баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Монголбанкны хоёр удирдлага ажлаа авахдаа эдийн засгийн нөхцөл байдлыг сайн ойлгож байсан. Монгол төгрөгийн худалдан авах чадвар үнэхээр доройтлоо. Бодлогын алдаадаа хариуцлага хүлээдэг байх ёстой. Монгол төгрөгийн худалдан авах чадвар буурсны төлөө хариуцлагаа хүлээх үү. Монголбанк ажилтнуудынхаа цалин 25 хувиар нэмсэн үү. Их хэмжээний буцалтгүй тусламж олгосон уу. Ашиг алдагдал чинь ямар байгаа вэ. Алдагдлыг чинь төсвөөс хаадаг шүү дээ. Өмнөх Ерөнхийлөгчид хариуцлага тооцох шаардлагатай бол хариуцлагаа тооцооч ээ” гэв.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва дээрх асуултад, "Байнгын хорооны хуралдаанаар төгрөгийн ханшийг тогтворжуулах асуудал яригдсан. Хариуцлагын асуудал яригдаагүй" гэсэн хариу тайлбарыг өгсөн.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, "УИХ-аас ирэх оны төсвийг баталлаа. Төсөв батлах үйл ажиллагаа сайн байсангүй. Төсөв батлагдах өдөр ханш 100 төгрөгөөр өсч, маргааш Монголбанк интервенц хийгээд буулгасан. Үүнд би маш их санаа зовж байна. Энэ чиглэлд хэд хэдэн асуудал хэрэгжүүлээсэй гэж хүсч байна. Валютыг дотооддоо авч үлдэх, нөөцөө нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй" гэлээ.
Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж санал хураалт явуулахад 92 хувийн саналаар тогтоолын төслийг батлав.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ