Ургац хураалтад оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагч болон иргэдийг оролцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Ургацыг технологийн хугацаанд хураахад их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагч болон иргэдийг сайн дурын үндсэн дээр оролцуулна.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар энэ ажлыг зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Боловсролын сайд П.Наранбаяр, ГБХНХ-ын сайд Т.Аубакир, БХ-ын сайд Д.Батлут, ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Ургацыг технологийн хугацаанд үр дүнтэй хураах, үр тариа, төмс, тэжээлийн таримлын үрийн нөөц бүрдүүлэх, тариаланчдад учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг багасгах чиглэлээр арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярт даалгасан байна.
Улсын хэмжээнд энэ
онд 312.8 мянган га талбайд үр тариа, үүнээс 272.8 мянган га-д
улаанбуудай, 12.9 мянган га-д төмс, 15.9 мянган га-д хүнсний ногоо, 87.2 мянган
га-д малын тэжээл, 148.5 мянган га-д тосны ургамал, нийт 577.5 мянган га
талбайд тариалжээ. Үүнийг өнгөрсөн
оны гүйцэтгэлтэй харьцуулахад 60.7 мянган га-аар буюу 10.5 хувиар тариалалт багассан байна.
Ургацын урьдчилсан балансаар 276.4 мянган тонн үр тариа,
үүнээс 255.5 мянган тонн улаанбуудай, 88.3 мянган тонн төмс, 164.1 мянган тонн
хүнсний ногоо, 40.7 мянган тонн тосны ургамал, 100.5 мянган тонн малын
тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөвтэй бөгөөд хүн амын хэрэгцээт улаанбуудайн 64, төмсний 72.8, хүнсний
ногооны 62.5 хувийг дотоодын ургацаас хангахаар байгаа аж.