Монгол-Солонгосын стратегийн IV форум маргааш болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-19 16:46:16

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол-Солонгосын стратегийн IV форум энэ сарын 20-нд Төрийн ордонд болно.


Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус форум энэ удаад эрчим хүч, экологийн асуудлыг үндсэн сэдвээрээ сонгожээ. Форумын үндсэн хэлэлцүүлэг “Сэргээгдэх эрчим хүч, төвлөрсөн дулаан хангамж”, “Экологийн нөхцөл байдал болон уур амьсгалын өөрчлөлт” гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм.


Ерөнхий сайд Г.Занданшатар тус форумыг нээж үг хэлнэ. Форумд Монголын талаас Эдийн засаг, хөгжлийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрчим хүчний яам, ШУТИС, БНСУ-ын талаас Корё их сургууль, Коокмин их сургууль, Солонгосын ой нөхөн сэргээх нийгэмлэг, Кёнсанбук мужийн захиргааны төлөөлөгчид оролцох юм.


Монголын макро эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин, Сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний төлөвлөлт, хэрэгжилт, Шороон болон элсэн шуурганаас үүдэлтэй хөрсний доройтлын эсрэг экологийн нөхөн сэргээлт хийхэд тулгарч буй бэрхшээл, сургамж, Хөвсгөл аймгийн эрчим хүчний эх үүсвэрийн өнөөгийн нөхцөл, хангамж, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хэмжээ нь хумигдаж буй Солонгосын мөнх ногоон шилмүүст ой мод, дасан зохицох ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн эрин үед шаардагдах экологийн нөхөн сэргээлт сэдвээр эрдэмтэн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлнэ.  


Хэлэлцүүлгийн үеэр Монголын эрчим хүчний салбарыг шинэчлэх, бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдал, уур амьсгалд тэсвэртэй байдлыг хангахад хувь нэмэр оруулах хамтарсан төсөл, институцын түвшний хамтын ажиллагааны талаар санал солилцох аж. Мөн ой, экосистемийн менежментийн чиглэлээр Солонгосын технологи, системийн туршлагыг Монголын өвөрмөц, эмзэг экосистемийг хамгаалан ашиглаж ирсэн мэдлэг, арга барилтай хослуулан, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлд илүү тэсвэртэй, тогтвортой экологийн орчин бүрдүүлэх шийдлийг ярилцахаар төлөвлөжээ.


相关新闻