Нэг цонхны үйлчилгээг цахимжуулж, экспортыг нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2025-08-20 14:52:14

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар экспортыг нэмэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.


Тогтоолын дагуу Гашуунсухайт хилийн боомтын “Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал”-ын ухаалаг гарцаар Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан нүүрс тээвэрлэх жолоочтой тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, тасралтгүй тээвэр хийхийг холбогдох албан тушаалтан үүрэг болгов. Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах эрчим хүчний нүүрсний үнийг зах зээлийн үнийн индекстэй нийцүүлэн өөрчлөх, гаалийн бүрдүүлэлт хийх, улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих ажлыг цахимжуулахыг даалгасан байна.


Манай улсад гадаад худалдаа эрхлэгчийн бүрдүүлж буй маягтуудаас гаалийн мэдүүлэгт хамгийн их буюу 116 төрлийн, улсын бүртгэлийн гэрчилгээ хамгийн цөөн буюу найман төрлийн мэдээлэл агуулдаг. Экспортын үйл ажиллагаанд 40 гаруй бичиг баримт бүрдүүлдгээс зарим тохиолдолд дунджаар 6-12 удаа давхардуулан шаардаж байна.


Гадаад худалдаанд тулгарч буй эдгээр хүндрэлийг цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлж шийдэхээр төлөвлөсөн ч системийн санхүүжилтээс үүдэн удааширчээ. Иймд санхүүжилтийг шийдэж, худалдан авах ажиллагааг яаралтай эхлүүлэх үүрэг өгөв. Экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээний дээж өгөх, хариу авах үйл явц голчлон Улаанбаатар хот дахь Гаалийн төв лабораториос хамаардаг нь экспортыг удаашруулах хүчин зүйл болдог. Тухайлбал, нүүрсний дээжийг Гаалийн төв лабораторид өгөөд хариу авах хүртэл дунджаар 7, ихдээ 35 хоног зарцуулдаг.  Мөн хилийн Гашуунсухайт боомт дахь шинжилгээний лабораторийн барилгын ажил дуусаж, тоног төхөөрөмжүүд бэлэн болж байгаа ч үйл ажиллагаа эхлээгүй байна.


Иймд тус тогтоолоор:


-Гаалийн Төв лабораторид шинжлэх нүүрсний дээжийг 48 цагийн дотор магадлан шинжилгээний дүгнэлт гаргах боломжийг 2025 оны наймдугаар сард багтаан бүрдүүлэх, 


-Гашуунсухайт боомтын гаалийн салбар лабораторийг 2025 онд багтаан ашиглалтад оруулах, 


-Бусад боомтын лабораторийг ашиглалтад орох хүртэл хугацаанд хувийн компаниудын лабораторийн мэдээллийг гаалийн мэдээллийн системд 2025 оны гуравдугаар улиралд багтаан холбохыг Гаалийн ерөнхий газар, холбогдох бусад байгууллагад үүрэг болгожээ.

 

相关新闻