Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд тус улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар энэ сарын 13-нд бараалхлаа.
С.Жайшанкар хоёр улс дипломат харилцаа тогтоосны
түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж буйд
баяр хүргэж, үүнд Энэтхэгийн төр, засаг, ард түмэн өндөр ач холбогдол өгч,
найрсгаар хүлээн авч буйг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсыг манай
“гуравдагч хөрш”, Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь оюун санааны итгэлт
түнш хэмээн үздэг бөгөөд “Стратегийн түншлэл”-ийн харилцааны цар хүрээг улам
өргөжүүлэн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн
хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэллээ.
Түүнчлэн Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг
эрчимжүүлэхийн чухлыг онцолж, сайд С.Жайшанкарыг комиссын энэтхэгийн хэсгийн
даргын хувиар Монгол Улстай хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрийг
хэрэгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллаж ирсэнд талархалтай буйгаа
тэмдэглэв.
Сайд С.Жайшанкар хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд
хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдийн
талаар Ерөнхийлөгчид танилцууллаа.
С.Жайшанкар нь Шинэ Делигийн их сургуулийг бакалавр,
Жавхарлал Неругийн их сургуулийг олон улсын харилцааны магистр, докторын
зэрэгтэй төгссөн. Москва, Вашингтон, Коломбо, Будапешт, Токио дахь Элчин сайдын
яаманд I, II, III нарийн бичгийн дарга, зөвлөх, дэд тэргүүн, Чех, Сингапур,
БНХАУ, АНУ-д Элчин сайдын алба хашиж байсан.
2015-2018 онд Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад, 2019 онд сайдаар томилогдсон. Парламентын Дээд танхим Ражья Сабхагийн гишүүн юм.