MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтын хэрэгжилтийн талаар танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-14 16:01:27

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдоос Монгол Улсын Ерөнхий аудиторт хандан Төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтын хэрэгжилтийн талаар асуулт тавьсан. Уг асуултын хариултыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр хэлэлцлээ.


Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн холбогдох танилцуулга, мэдээллийг хийсэн юм. Аудитын үндсэн зорилт нь төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, ашигтай, үр нөлөөтэй төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хянах, төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг. Энэ зорилтын хүрээнд тус байгууллага улсын хэмжээнд санхүүгийн тайлангийн аудитад 6800, гүйцэтгэл, нийцлийн аудитад 7100 (давхардсан тоогоор) гаруй байгууллагыг хамруулан аудит хийж байгаа аж.


Монгол Улсын Ерөнхий аудитор мэдээлэлдээ аудитын шийдвэрийг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчны тодорхойгүй байдал, төрийн аудитын байгууллагын эдийн засгийн баталгааны талаар онцоллоо. Мөн Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсвийн төсөлд орлого нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх талаар өгсөн дүгнэлт, саналын хэрэгжилт, түүний учир шалтгаан, үр дагаврын талаар өсвийн байнгын хорооны гишүүдэд мэдээлэв.


Эцэст нь улсын нэгдсэн төсөв дэх хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, худалдан авах ажиллагаа, гадаад зээл, тусламж, хандив, санхүүгийн дэмжлэгийн төлөвлөлт, гүйцэтгэл, ашиглалт, зарцуулалт, хэрэгжилт, тайлагнал дахь нийтлэг алдаа, тэдгээрийг дахин давтахгүй байх үүднээс хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, гишүүдийн асуултад хариулсан юм. 





相关新闻