Монголд анх удаа тамирчдын ачааллын дараах нөхөн сэргээх эмчилгээг хийж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-16 16:39:56

Улаанбаатар,  /МОНЦАМЭ/. Спортын төв ордны өргөтгөлд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Ачааллын дараах нөхөн сэргээх эмчилгээний хэсэг нээлтээ хийв.


Тус барилгыг байгуулахад засвар үйлчилгээ, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж худалдан авах зэрэгт улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Монголд анх удаа үүдээ нээж буй энэ төвд 10 төрлийн 20 гаруй тоног төхөөрөмж бий.


Онцолбол, Targeted radiofrequncy төхөөрөмж нь тамирчдын булчин амраах, эд эсийг сэргээх, хаван бууруулах, өвчин намдаах зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Харин Mergen аппарат нь хүний биеийн хэсгийг цочроох зорилгоор долгионы тусламжтайгаар өвдөлт намдаах зорилгоор ашигладаг юм. Монголын баг тамирчдын одоо үзүүлж буй амжилтыг нэмэгдүүлэхэд дээрх төхөөрөмжүүд жинтэй нөлөө үзүүлнэ гэж салбарын мэргэжилтнүүд дүгнэж байна.


Энэ үеэр Б.Бат-Эрдэнэ сайд “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн талаар төрийн дэвшүүлсэн томоохон бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд бид шинжлэх ухаанд суурилах ёстой. Тиймээс Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийг бид онцгой анхаарч, ажил авснаас хойших хугацаанд 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна” хэмээн тодотголоо.








相关新闻