БУЛГАН: Аймгийн хэмжээнд тэшүүрийн спортоор 240 гаруй тамирчин хичээллэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Биеийн тамир болон Боловсролын тэргүүний ажилтан, дасгалжуулагч, зөвлөх багш Чүлтэмжамцын Нямсүрэн агсны нэрэмжит аймгийн Өсвөр үеийн аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээнийг нэгдүгээр сарын 27-28-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд зохион байгуулж, 6 багийн 80-аад тамирчин, хурд хүч, авхаалж самбаа ур чадвараараа өрсөлдлөө.
Ч.Нямсүрэн багш ажиллаж байх хугацаандаа улс, аймгийн тэмцээнд 189 удаа баг, тамирчдаа бэлтгэн оролцуулж, олон улсын хэмжээний мастер 3, спортын мастер 25, зэрэгтэй тамирчин 495, медальтай тамирчин 504-ийг төрүүлж, "Аймгийн аварга баг" цолыг 26 удаа, "Улсын аварга баг" цолыг 31 удаа хүртэж байжээ.
Тэмцээний нийлбэр дүнгээр:
1-р байрт Хишиг-Өндөр сумын ерөнхий
боловсролын сургуулийн Ц.Дэмбэрэлмаа ахлагчтай баг тамирчид
2-р байрт
Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн
Ё.Пүрэвдорж ахлагчтай баг тамирчид
3-р байрт
Булган сумын Эрдмийн өргөө цогцолбор
сургуулийн Б.Батбямба ахлагчтай баг тамирчид тус тус эзэлсэн байна.
Тэмцээний үеэр хүндэт зочид төлөөлөгчдийг сургуулийн 100 жилийн ойн "Хүндэт тэмдэг"-ээр шагнаж урамшуулсан байна.
Боловсролын байгууллагад тогтвор
суурьшилтай, үр бүтээлтэй ажилласныг нь өндрөөр үнэлж сургалтын менежер
С.Шинэбаярыг Булган аймгийн Засаг даргын "Жуух бичиг", дуу хөгжмийн
тэргүүлэх багш Ж.Гантөгөлдөр, технологийн тэргүүлэх багш Б.Баярцэнгэл, жолооч,
сантехникч О.Бат-Эрдэнэ нарыг аймгийн Засаг даргын "Баярын бичиг"-ээр
шагнасан байна.
Тэмцээнийг зохион байгуулах санаачилгыг Ч.Нямсүрэн багшийн хань Д.Жинсмаа болон үр хүүхдүүд гаргаж, Булган аймгийн спорт хорооны хамт олон, Хишиг-Өндөр сумын Ш.Гаадамбын нэрэмжит Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн хамт олон хамтран зохион байгуулсан байна.
Булган аймагт тэшүүрийн спортоор хичээллэдэг дугуйлан секц, хувь хүн гээд маш олон байдаг бөгөөд сум болон аймгийн шигшээ багуудад 240 гаруй тамирчин хичээллэж байна.