“Women Owned” тохирлыг “Мана”, “Бурамхан”, “SabaX”, “Shoe's love” брэндүүд гардлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас бизнес эрхлэгч эмэгтэй гэсэн тохирлын тэмдэг олгож эхэллээ.
Энэ нь ямар нэг хайрцагласан, шаардлага тавьсан зүйл биш. Бизнес эрхлэж буй эмэгтэйчүүдийг дэмжиж буй бүх үйл ажиллагаанд тэднийг хамруулах зорилготой үйл ажиллагаа юм гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Жишээ нь, арилжааны банкууд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан бага хүүтэй зээлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй. Үүнд хамрагдах боломжтойг МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан хэллээ.
Нэг ёсондоо бизнес эрхлэгч
эмэгтэй гэдгээ өөрсдөө тодорхойлуулж буй үйл ажиллагаа юм гэдгийг тодотгож
байна. Энэхүү үйл ажиллагааг МҮХАҮТ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан
зээлийн бүтээгдэхүүн гаргаж буй “Голомт” банкнаас эхлэн хамтран хэрэгжүүлж байна.
Тодруулбал, энэ нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах, сурталчлах бүхий тохирлын тэмдэг юм. Үүнийг МҮХАҮТ Эмэгтэйчүүдийн олон улсын төвийн үйл ажиллагааг таниулах, эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан цахим B2B платформыг нээх цогц ажлын хүрээнд өчигдөр танилцуулж, эхний ээлжинд уг тэмдгийн гэрчилгээг “Мана”, “Shoe's love”, “Бурамхан”, “SabaX” брэндийн бүтээгдэхүүнд олголоо.