Монгол, Индонезийн бизнесийн анхдугаар форум боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-19 17:28:24

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Бүгд Найрамдах Индонез улсын Бээжин дэх Элчин сайдын яамтай хамтран “Худалдаа, хөрөнгө оруулалтын хэтийн төлөв” сэдэвт бизнес форумыг зохион байгууллаа.


Анх удаа болж буй энэхүү форумд Гадаад харилцааны яам, Худалдаа хөрөнгө оруулалтын газар, Монголын эдийн засаг бизнес, хөрөнгө оруулалтын талаар илтгэл тавьж, хоёр орноос тус бүр 20 гаруй бизнес эрхлэгчид оролцон, хоёр улсын хамтын ажиллагааг хэрхэн дэмжих талаар харилцан санал солилцов.


Тус форум нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, бизнесийн орчны талаарх мэдээлэл солилцох, түншлэл байгуулах зорилготой бөгөөд уул уурхай олборлолт, хөдөө аж ахуй, боловсрол, аялал жуулчлал, эм, эмийн бүтээгдэхүүн, эдийн засаг зэрэг стратегийн чухал салбаруудад хамтын ажиллагаа өргөжүүлэх боломжийг нээж буйгаараа онцлогтой. Сүүлийн жилүүдэд Монгол-Индонезийн худалдааны эргэлт нэмэгдсэн бөгөөд 2024 онд 51.1 сая ам.доллар, 2025 оны эхний хагас жилд 36.11 сая ам.долларт хүрчээ. Монголын талаас жонш, ноосон ээрмэл зэрэг бүтээгдэхүүн экспортолж байгаа бол Индонезоос уул уурхайн техник тоног төхөөрөмж, хүнс болон өргөн хэрэглээний бараа, дал модны тос, эмийн бүтээгдэхүүн импортолж байна. 


Хэн, юу хэлэв?


МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав: Бидний бизнесийн харилцаа бодит ажил, шинэ санаачилгаар бэхжиж, худалдааны эргэлт тогтвортой өсөж байна

-Монгол-Индонезийн бизнес форум”-д хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. Манай хоёр улс 69 жилийн турш найрсаг харилцаагаа тогтвортой өргөжүүлж, улс төр, эдийн засаг, соёлын олон салбарт үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн нь өнөөдрийн уулзалтын суурь болж байна. Монгол, Индонез хоёр бүс нутагтаа стратегийн байр суурьтай, асар их эдийн засгийн нөөцтэй улсууд. Сүүлийн жилүүдэд бидний бизнесийн харилцаа бодит ажил, шинэ санаачилгаар бэхжиж, худалдааны эргэлт тогтвортой өсөж байна. Энэ нь цаашид хамтын ажиллагаагаа илүү том түвшинд гаргах боломж бүрдсэнийг харууллаа. Монгол Улс уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал, технологийн салбарт нөөцтэй. Харин Индонез технологи, инновац, хөрөнгө оруулалтын чиглэлээр АСЕАН-даа манлайлдаг. Халал махнаас эхлээд хүнсний үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, логистик, аялал жуулчлал зэрэг өргөн хүрээнд шинэ түншлэл байгуулах боломж биднийг хүлээж байна. МҮХАҮТ хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг бүх түвшинд дэмжиж, хөрөнгө оруулалтын шинэ боломж, түншлэлийг нээхэд үргэлж бэлэн байх болно.


БНИУ-аас Монгол Улсад хамтран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жаухари Оратмангун: Сүүлийн жилүүдэд Индонезийн залуус Монгол руу ирэх сонирхолтой болсон

-Анхдугаар форумыг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсандаа баяртай байна. Энэхүү уулзалтыг зохион байгуулснаар хоёр орны бизнес эрхлэгчдийг уулзуулах чухал гүүр болсон гэдэгт итгэлтэй байна. Цаашид хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болох үед өнөөдрийн форумаар ярьсан яриа, төслүүд нь бодит ажил хэрэг болж, танилцуулна гэдэг итгэлтэй байгаагаа хэлье. Сүүлийн жилүүдэд Индонезийн залуус Монгол руу ирэх сонирхолтой болсон. Монголд очих сонирхолтой залуус нэмэгдсэнийг сонсоод би гайхаж байлаа. Монголын тухай сонирхолтой мэдээ, мэдээлэл цахим орчинд, дэлхий дахинд маш их тархаж байна. Тэгэхээр ирэх жилээс Индонезоос Монгол руу чиглэх жуулчны тоо өсөх биз. Монгол, Сингапурын хооронд шууд нислэгтэй болсон. Сингапур нь манай улсаас онгоцоор ердөө ганцхан цаг яваад хүрэх зайтай. Тиймээс энэхүү нислэг хоёр улсын худалдаа болон хүний урсгалыг нэмэгдүүлэхэд тусална гэдэгт итгэлтэй байна. Мөн Монголоос халал сертификат авсан мах махан бүтээгдэхүүн импортоор авах маш их хүсэлтэй гэдгээ илэрхийлье. Манай улс бол үйлдвэрлэгч орон. Ялангуяа эмийн бараа бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэдэг. Түүнийгээ танай улсад экспортлох сонирхолтой байна. Түүнчлэн жимс жимсгэнээр хангах боломжтой гэж харлаа. Ирэх онд болох 70 жилийн ойн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг дээд түвшинд хүргэхийн тулд зүтгэх хэрэгтэй. Ингэснээр эдийн засаг, худалдааны салбарт маш том ахиц гарна.  


МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул: Индонезийн тал манай улсаас халал мах авах маш их хүсэл байна

-Монгол, Индонез дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхт ой ирэх онд тохиож байна. Энэ хүрээнд ойгоо тэмдэглэх, худалдаагаа ахиулах, шинээр хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулахаар Индонезийн томоохон таван компани болон албаны нийлсэн 20 гаруй төлөөлөгч манай улсад ирсэн. “Их-20”-д багтдаг АСЕАН-ы цор ганц орон. Тэр утгаараа хүчирхэг эдийн засагтай энэ улстай харилцаагаа хөгжүүлэх өргөн боломж байна. Ялангуяа халал махны экспортыг хэрхэн нэмэх, яаж сертификатжуулах талаар зөвлөлдлөө. Мөн уул уурхайн салбарт хайгуул, олборлолт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэсэн мессеж өгч байна. Түүнчлэн ногоон эрчим хүчний тал дээр Монголтой хамтарч, хөрөнгө оруулаач гэсэн уриалгыг дэвшүүлсэн. Харин Индонезийн талаас эдийн засгийн дипломат ажиллагааг хөгжүүлмээр байгаагаа хэллээ. Ойрын таван жилд хамтарч ажиллах төлөвлөгөөгөө гаргах нь чухал шүү гэсэн санааг гаргаж байна. Монголоос ердөө 300 мянган ам.долларын бүтээгдэхүүн экспортолдог. Энэ нь ноос, ээрсэн утас гэх мэт хөдөө аж ахуйн түүхий эд гаргаж байна. Эсрэгээрээ бид Индонезоос 51 сая ам.долларын бүтээгдэхүүн импортолж байна. Үүнд хүнд машин механизм, эм, эмийн бүтээгдэхүүн багтана. Монгол Улсаас Жакартад Элчин сайдын яамаа байгуулсан. Өнгөрсөн онд Элчин сайд Д.Энхтайван итгэмжлэх жуух бичгээ барилаа. Гадаад харилцааны яам, МҮХАҮТ зэрэг байгууллагууд 280 сая хүн амтай энэ том улс руу махаа гаргах тал дээр онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна. Тиймээс эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хэрхэн хангах зэргийг Монголын махны холбоо гэх мэт мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтарна.




相关新闻