Эмээлт эко парк манай улсын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-19 12:33:10

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Мал аж ахуйн салбарыг кластераар хөгжүүлж, малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулахаар “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг хэрэгжүүлж байна.


НЗДТГ-ын мэдээлснээр, тус паркийг зүүн, баруун гэсэн хоёр бүсэд байгуулна. Зүүн бүсэд ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр байрших бөгөөд тус бүсийн үйлдвэрүүдийн инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ, үерийн хамгаалалт, усан хангамжийн барилга байгууламжийн төсвийг шинэчилж байна. Одоогоор үерийн байгууламжийн төсвийг Барилгын хөгжлийн төвийн магадлалын дүгнэлтээр баталгаажуулж, ундны ус хангамжийн зураг төсвийг шинэчлэх ажил 40 хувьтай үргэлжилж байна. Харин баруун бүсэд мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд байрших юм.


Хотын төвөөс 30 км зайд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барих тус парк нь жилд 7.5 сая арьс шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулах хүчин чадалтай байна. Ингэснээр манай улсын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулж, 5600 ажлын байрыг шинээр бий болгохоос гадна монголын брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах шинэ боломж нээгдэх юм.



Аж үйлдвэрийн парк байгуулах талаар олон жил ярьж, 2024 онд тус паркийн Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн дөрвөн давхар барилгыг ашиглалтад оруулж, энэ оны наймдугаар сард тус паркийг эрчим хүчээр хангах “Дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж”-ийг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, (EPC+F) гэрээг байгуулсан юм.


Төслийн хүрээнд 24 МВт дулааны цахилгаан станц, хоногт 6700 метр.куб хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина.


БНСУ-ын "Smart Energy platform"-той хамтран паркийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох 10МВт-ын нарны цахилгаан станцыг байгуулахаар БНСУ-ын хөрөнгө оруулалтаар ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа. Мөн Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх 12.5 км авто зам, үерийн хамгаалалтын байгууламж, хоёр усан сан, инженерийн шугам сүлжээг шийдэх ажээ. 

相关新闻