СЭЛЭНГЭ: Авто замыг өргөсгөх бүтээн байгуулалтын ажил өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-04 16:08:37

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний гол төвлөрөл бүхий урсгал газартаа авто замыг өргөсгөх ажлыг хийж эхэллээ.


Сүхбаатар сумын төв рүү ордог гурвалжны уулзвараас "Номин" буудлын гэрлэн дохионы уулзвар хүртэлх замыг 4 эгнээ болгох бүтээн байгуулалтын ажил эхлээд байна.

 

Уг зам нь 2 эгнээ бөгөөд тус сумын тухайд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хамгийн их, гол төвлөрөл бүхий урсгал байдаг.

 

Иймээс тухайн замыг аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж өргөсгөх ажлыг эхлүүлжээ.

 

Уг ажил өнгөрсөн сарын 28-ны өдрөөс эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар замын трасс байрлаж байгаа объект, кабель, шугам зэргийг чөлөөлөх ажлыг хийж байна.

 

Тус талбайд аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хашаа болон хувийн хэвшил, байгууллага, иргэний нийт 6 хашаа, 1 объект, 3 сурталчилгааны самбар зэрэг эд хөрөнгө байрлаж байгаа аж.

 

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн зүгээс тухайн зам тавигдахаас өмнөх гол ажил болох газар доогуурх инженерийн шугам сүлжээг шилжүүлэх ажлын явцтай танилцлаа.

 

Тухайн автозамын доогуурх инженерийн шугам сүлжээг бүгдийг нь шилжүүлжсэнээр ямар нэгэн засвар хийх үед дахин зам эвдэгдэхгүй байхыг тэрбээр онцгойлон анхаарууллаа.

 

相关新闻