ХОВД: Гэнэтийн үер, усны ослоос сэргийлэхийг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-07-17 20:07:03

Жаргалант /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Ховд аймгийн ихэнх нутгаар халж, уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул наршилт, болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

2023 оны 7 дугаар сарын 17- 24-ний өдөр хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс танилцууллаа.

Энэ сарын 18, 21-нд уулархаг нутаг, энэ сарын 19, 22, 23-нд зарим газраар бага зэргийн бороо орно.

Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.


Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө +6+11 градус, өдөртөө +17+22 градус дулаан байна. Алтай өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 32-37градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +14+19 градус, өдөртөө +26+31 градус дулаан байна.

Өнгөрсөн баасан гарагт (2023.07.14) Ховд аймгийн төв, Жаргалант сумын нутаг дэвсгэрт орсон гэнэтийн, түр зуурын аадар борооны улмаас олон айл үерт автаж, хэд хэдэн орон сууцны зоорийн давхар усанд автсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги албадаас бүрдсэн 200 гаруй хүн үүрэг гүйцэтгэжээ, 60 гаруй айлын гэр, хашаа, байшинд орсон усыг соруулах, зарим эд хогшлыг зөөвөрлөх, нүүлгэн шилжүүлэх зэрэг ажил зохион байгуулсан юм. Одоо үерийн дараах халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийж байна.

Өнөөдөр Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб хуралдлаа. Хурлын үеэр цаг үеийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар ярилцав. Ингээд үерийн улмаас үүссэн хохирлыг бодитоор тооцож гаргах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийх, үерийн ус орж буй газрыг нарийн гаргах, бүтээн байгуулалт хийсэн компани, аж ахуйн нэгжүүд үерийн ус зайлуулах суваг шуудуу хийсэн эсэхэд дахин хяналт тавьж, шаардлагатай газруудад суваг шуудуу нэмж гаргах тооцоо, судалгаа гаргахаар болжээ.

Иргэдийг гэнэтийн үер, усны ослоос сэргийлэх зорилгоор гуу жалга, үерийн урсгал дагуу газар суурьшихгүй байх, гэр, хашаандаа суваг шуудуу гаргах, бага насны хүүхдээ гол, нуурын ойролцоо хараа хяналтгүй тоглуулахгүй байхыг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа. 

相关新闻