Б.Лхагвасүрэн: Эдийн засгийн өсөлтийн төсөөллүүд олон улсад буурч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-12-23 13:30:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас эдийн засгийн сэтгүүлч нарт гадаад, дотоодын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, нөлөөллийн талаар танилцууллаа. Мөн тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Дэлхийн банкны болон ОУВС-гийн энэ жилийн уулзалтын талаар мэдээллээ.


Уулзалтаар дэлхийн хэмжээний асуудлаас гадна Ази тивийн эдийн засгийн байдлын талаар тусгайлан хуралдаж, Ази, Номхон далайн бүсийн захирал нь тивийн нөхцөл байдлыг танилцуулжээ. Бүхэлдээ олон улсын хэмжээнд эдийн засаг, санхүүгийн 3 чиглэлийн нөлөөлөл байгааг хэлэлцсэн байна. Үүнд, нэгдүгээрт, дэлхийн хэмжээнд мөнгө үнэтэй байх жил хүлээгдэж байна. Ингэснээр аливаа зардал өсөх хандлагатай байгаа тооцоолол гарчээ.


Хоёрдугаарт, ОХУ-Украины хямралт байдалтай холбоотойгоор тухайн хоёр орны зах зээл, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хязгаарлалт дэлхийн олон оронд сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. Үүнд улаан буудай, металл, нефтийн бүтээгдэхүүн орж үнэ нь маш их савлагаатай, үнэтэй болж буйг танилцуулжээ.


Тиймээс нефтийн бүтээгдэхүүний хамааралтай Монгол Улсад тухайн бүтээгдэхүүний нийлүүлэлт, төлбөр, үнэтэй холбоотойгоор худалдан авах зардал өсөж буй эрсдэл байсаар байгааг Төв банкны тэргүүн тодотгож, энэ онд манай улс 2021 онтой харьцуулахад 550 сая ам.долларын нэмэгдэл зардал гаргаад буй жишээг дурдав. Гуравт, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байгаа байдал олон улсад нөлөөлөхөөр байгааг дурджээ.


ОУВС-гийн уулзалт дээр мөн эмзэг бүлгийн нийгмийн хэсэг болох өрхүүдийг олон улсын хэмжээнд дэмжих талаар хэлэлцжээ. Энд өрхүүдийг халамжаар тэтгэх төсвийн дэмжлэг болон өрхийн хэрэглээний татварыг бууруулах зэрэг хариу арга хэмжээ авах аж.


Монголбанкны одоогийн суурь төсөөллөөр инфляц цаашид үргэлжлэн буурсаар ирэх оны эцэс гэхэд нэг оронтой тоонд, 2024 оны эхнээс 6 хувийн зорилтод хүрч тогтворжихоор байгааг мэдэгдлээ.  



Манай улсын хувьд энэ оны 11 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 14.5 хувьтай гарч өсөхөд үүний тал хувийг эзэлж буй импортын барааны үнийн дүнгийн гадаад хүчин зүйлээс гадна дотооддоо гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг дотоодын хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас огцом нэмэгдсэн нь инфляц өсөхөд буюу өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний худалдан авалтад сөргөөр их нөлөөлжээ.


Монголбанкны одоогийн суурь төсөөллөөр инфляц цаашид үргэлжлэн буурсаар ирэх оны эцэс гэхэд нэг оронтой тоонд, 2024 оны эхнээс 6 хувийн зорилтод хүрч тогтворжихоор байгааг мэдэгдлээ.  

相关新闻