СЭЛЭНГЭ: Хяналт шалгалтыг эрчимжүүлснээр эерэг үзүүлэлт гарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвөөс
авто тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдалд тавих стандарт шаардлагыг хангуулах, хяналт
шалгалтыг эрчимжүүллээ.
Аймгийн Авто тээврийн төв нь
авто тээврийн хяналтаас гадна техникийн хяналтын үзлэг, оношлогоо хийх, тээврийн хэрэгслийн бүртгэл, хот хооронд,
орон нутгийн зорчигч болон ачаа тээвэр зохицуулалт зэрэг чиг үүргүүдийг
хэрэгжүүлдэг байна.
Эднийх 2022 онд 22 мянга гаруй
тээврийн хэрэгслийг үзлэг оношлогоонд хамруулжээ. Хяналт шалгалтыг
эрчимжүүлснээр нэг жилээс дээш хугацаагаар үзлэг оношилгоонд ороогүй машинуудын илрүүлэлт, техникийн үзлэгт хамрагдсан авто машины тоо нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлт гарсан аж.
Мөн авто тээврийн төвд улс, хот
хоорондын зорчигч тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг 24 цагийн турш хянах
технологийг суурилуулсан байна. Ингэснээр хянан зохицуулах, шаардлагатай
тохиолдолд шуурхай арга хэмжээ авах боломж бүрджээ.
Сэлэнгэ аймаг байнгын ажиллагаатай буюу 24 цагаар ажилладаг хилийн боомтоос гадна босоо
тэнхлэгийн олон улсын автозам дайран өнгөрдөг онцлогтой.
Иймээс тус төвөөс Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх
боомтод зорчигч болон ачаа тээвэр гэсэн хоёр чиглэлийн дагуу авто тээврийн хяналтыг
давхар гүйцэтгэдэг
аж.
Тус төвийн
байцаагч нарын зүгээс “Сүхбаатар, Алтанулаг суманд хил хооронд ганзагын
наймаа эрхлэх, зорчигч тээрийн үйлчилгээ үзүүлэх зэргээр амьдралаа залгуулдаг иргэд олон байдаг. Тэд зорчигч тээвэрлэх
зөвшөөрөл байхгүйн улмаас багагүй хүндрэл үүсгэдэг” хэмээн ярив.
Авто тээврийн
төвийн 2 улсын байцаагч,
5 тээвэр зохицуулагч аймгийн хэмжээнд шугам замын болон зам дундын авто тээврийн хяналт,
шалгалтын ажлыг гүйцэтгэж байгаа аж.
Тэд осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хот хоорондын болон
орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж
байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтыг жил бүр хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө
өгдөг байна. Мөн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл болон техникийн сэлбэгийн
хангалт, чирэх татлага, жолооч нарын мэргэшсэн үнэмлэхтэй эсэх зэргийг шалгадаг.
Сүүлийн
үед Дархан–Улаабаатар чиглэлийн авто зам ашиглалтад орсноор хилээр нэвтрэх
тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаа аж. Тэд бүхий л хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг тухай
бүрт нь арилгуулан ажилладаг байна.