Дөрвөн суманд “Хожуул” төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-12-20 15:52:11

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардалд 5,2 тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Түүний 30,0 гаруй хувь буюу 1,7 тэрбум шахам төгрөгийн хөрөнгийг ой санг сэргээх, цөлжилттэй тэмцэх ажилд зориулна. Бугат, Бүрэгхангай, Сэлэнгэ, Орхон суманд нийтдээ 50,0 га талбайд ойжуулалт, 100,0 га талбайд байгалийн нөхөн  ургалтад туслах, Хутаг-Өндөр, Тэшиг, Хангал зэрэг сумын 28,0 мянган га талбайд ойн хортонтой тэмцэх ажил хийх аж. Мөн Бүрэгхангай, Бугат, Баян-Агт, Орхон суманд “Хожуул” төсөл хэрэгжүүлж, ой цэвэрлэгээ, нөхөн сэргээх ажил хийхээр төлөвлөсөн байна.

          Ойн нөөц, баялгийг хамгаалах, түлшний модны хэрэглээг багасгахаар Булган суманд шахмал түлшний үйлдвэр байгуулахаар 500,0 сая төгрөгийн хөрөнгийг ирэх жил зарцуулах аж. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний хөрөнгөөр ирэх жил нийтдээ 16 төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

相关新闻