Булган аймагт төв, суурингийн өвөлжилтийн бэлтгэлийг 89,7 хувиар хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-11-11 20:11:20

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд төв, суурингийн өвөлжилтийн бэлтгэлийг 89,7 хувиар хангалаа гэж аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс мэдээллээ.

Түлээ, нүүрс татан авалт, дулааны шугам сүлжээний засвар, үйлчилгээ, дулаан, цахилгааны нөөц эх үүсвэр бүрдүүлсэн байдал зэргийг шалган хүлээж авахад өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангасан сум гараагүй бөгөөд хэрэгцээт түлээ, нүүрсний 31,3-35,3 хувийг авсан байна. Булган суманд өнгөрсөн онд Дулааны станц ашиглалтад орсон ч хэрэглэгчдэд дулаан түгээж чадалгүй хуучин уурын зуухаа галлаж өвөлжсөн юм. Энэ жил хэрэглэгчдийг найдвартай дулааны эрчим хүчээр хангах боломжийн талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Буманбаяр:

- Дулааны станц зүгшрүүлэлт хийгээгүй учраас саатсан. Халаалтыг долоон удаа зогсоосон. Энэ жил доголдохгүй орно. Дулааны станцын өвөлжилтийн бэлтгэлийг шалгаж хүлээн авсан гэлээ. Дулааны станц буюу “Энержи плас” ХХК 2020-2021 оны халаалтын улиралд 11000 тонн нүүрс татан авах гэрээ байгуулан 600 тонн нүүрс татан авсан бөгөөд энэ сарын хэрэглээ 1600 тонн нүүрс татан авалт эхэлсэн аж. Дулааны станцын дулаан дамжуулах шугамд холбогдоогүй зарим хэрэглэгчийг “Булган мээж” ХХК уурын зуух галлан дулааны эрчим хүчээр хангаж байна. Тус  компани нэг уурын зуух, ус, дулаан дахин дамжуулах гурван төвөөр хэрэглэгч айл өрх, албан газруудыг дулаанаар хангадаг.

- Одоогоор ус, дулаан дамжуулах төвүүд хэвийн ачаалалтай, уурын зууханд 200 тонн нүүрсний нөөцтэй, халаалтын хэвийн горимд ажиллаж байна. Өвлийн их ачаалалтай үед дулаан дамжуулах системд доголдол гарвал уурын зуух галлахад бэлэн байгаа гэж “Булган мээж” ХХК-ийн захирал Д.Очирбат ярилаа.

相关新闻