УИХ-ын чуулган цаг сунган хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-05-20 19:31:18

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан цаг сунгаж, Мал амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууслаа.  

Хуулийн төсөлд мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх ерөнхий болон тусгай үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтыг нэгтгэн шинэ бүлэг болгон оруулжээ. Тусгай урьдчилан сэргийлэлт буюу мал, амьтны халдварт өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаанд тулгуурлан оновчтой хэрэгжүүлэх нөхцлийг хангах зорилгоор тархвар зүйн судалгаа хийх, мал, амьтны эрүүл мэндийн мэдээллийн сан бүрдүүлэх, түүнийг мал эмнэлгийн бүхий л үйл ажиллагааны төлөвлөлтөд ашиглаж байх асуудлыг хуулийн төсөлд томъёолж тусгасан байна.

Мал, амьтны халдварт өвчин гарсан тохиолдолд түүнийг эрт илрүүлэх явдал хамгаас чухал байдаг тул халдварт өвчингүй тайван байдлыг баталгаажуулах тандалт шинжилгээ хийх, өвчний сэжиг илэрсэн үед шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэх, оношийг баталгаажуулан нийтэд мэдээлэх, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бүсэд цогц арга хэмжээ хэрэгжүүлэх асуудлыг хуулийн төсөлд шинэчлэн тусгаж, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд оролцогчдын үүрэг, хариуцлагын зааг ялгааг илүү тодорхой болгож өгчээ.

Байгаль газар зүйн эрс өөр бүсүүдэд хуваагдсан өргөн уудам нутаг дэвсгэртэй манай орны хувьд мал, амьтны халдварт өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээг бүсчлэн хэрэгжүүлэх шаардлагатай аж. Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хяналтад авах болон эрүүлжүүлэх гэсэн хоёр үе шаттай байхаар зохицуулалт хийсэн бөгөөд хяналтад авах стратегийг Засгийн газрын гишүүн, эрүүлжүүлэх стратегийг Засгийн газрын шийдвэрээр хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Бүх төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх вакцины үнийг улсын төсвөөс санхүүжүүлж байсныг өөрчилж зарим халдварт өвчнөөс сэргийлэх вакцины үнэ, үйлчилгээний хөлсийг аймаг, нийслэлийн төсөв болон мал, амьтны эзнээс санхүүжүүлэхээр тусгасан байна.

Одоо уг хуулийн төсөлтэй холбогдох зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналаар санал хураалгалаа. Улмаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгалт орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.    

Дараа нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Одоогоор 2400 гаруй хүний өргөдлийг шийдвэрлэх, цагаатгасан ч нөхөн олговроо аваагүй 13000 хүн байгаа ч хуулийн хугацаа дууссан тул боломжгүй болсон аж. Тиймээс уг хуулийн хугацааг сунгахаар хуулийн төсөл боловсруулсан байна.  

Өнөөдрийн хуралдаанаар “Mонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч Ерөнхий сайд ирээгүй тул хойшлуулсан юм. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Гантуяа

相关新闻