"Эх орончдын өдөр"-ийг МАХН, МАН хамтарч тэмдэглэх санал гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Сүхбаатар ирэх сарын 1-нд тохиох "Эх орончдын баярын өдөр"-ийг хамтарч тэмдэглэх хүсэлт бүхий албан бичгийг МАН-д хүргүүлжээ.
Уг албан бичигт "2016 оны гуравдугаар сарын 1-нд МАХН, МАН-ын хувьд түүхт 95 жилийн тохиож байгаатай холбогдуулан "Эх орончдын баярын өдөр"-ийг хамтран тэмдэглэхийг санал гаргаж байна. Хэрэв манай намын саналыг хүлээн авах тохиолдолд хоёр намын удирдлага болон намын дэргэдэх ТББ-уудын төлөөлөл оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр ажиллах саналтай байна" гэжээ.
АН, ИЗНН, МҮАН нэгдэж сонгуульд оролцох шийдвэр гаргасны дараа МАН, МАХН нэгдэх талаар яриа гараад байгаа. Харин МАХН-аас гарсан дээрх санал нь баярын өдрийг хамтарч тэмдэглэх агуулгатай боловч МАН, МАХН нэгдэх эхлэл тавигдаж байна гэсэн "хардлага"-ыг иргэдийн дунд үүсгэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл тус албан бичгийн эхэнд "МАХН, МАН-ын нэр бүхий ахмад гишүүд хоёр намыг хамтран ажиллах, УИХ-ын 2016 оны сонгуульд эвсэн оролцуулах талаар удаа дараа санал санаачлага гаргаж байгаа. МАХН уг саналд тухай бүрт хүндэтгэлтэй, нухацтай хандаж ирсэн" гэж бичсэн нь ийм дүгнэлтэд хүргэж байгаа бололтой.
Н.Туяа