Их эзэн Чингис хааны мэндэлсэн "Монгол бахархлын өдөр" тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2017-11-19 10:20:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр өнөөдөр тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны Нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон юм. Үүнээс хойш жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр зургаа дахь жилдээ золгож байна. 
"Монгол бахархлын өдөр"-ийг Бүх нийтээр тэмдэглэх баяр хэмээн зарлаж, хуульд тусгаснаар бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Мөн энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. "Чингис хаан"-ы одонг хүртэх 11 дэх эрхмээр Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр тодорсон бөгөөд шагналыг өнөөдөр морин цагт гардуулан өгөх юм.  Түүнчлэн Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог. 



Дашрамд дурдахад, ШУА-аас Их эзэн Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр мэндэлсэн хэмээн тогтоосон юм. 2012 оноос хойш тэмдэглэж ирсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу "Монгол бахархлын өдөр"-үүнд нь: 

2012 он: 11 сарын 14
2013 он: 11 сарын 4
2014 он: 11 сарын 23
2015 он: 11 сарын 12
2016 он: 10 сарын 31
2017 он: 11 сарын 19
2018 он: 11 сарын 8
2019 он: 11 сарын 27
2020 он: 11 сарын 16
2021 он: 11 сарын 5
2022 он: 11 сарын 24 таарч байгаа юм байна. 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ