Хятадын алтан гартай эмч, сувилагч нартаа баярлалаа

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-11-02 15:47:10
Бээжин /МОНЦАМЭ.10.31/.БНХАУ-ын Улаан Загалмайн нийгэмлэг, МУЗН-тэй хамтран төрөлхийн зүрхний гажигтай, Монголд эмчлүүлэх боломжгүй 100 хүүхдийг БНХАУ-д үнэ төлбөргүй эмчлэх төсөл хэрэгжиж байгаа билээ. Төслийн хүрээнд энэ сарын 21-ний өдөр 41-н хүүхэд Бээжинд эмчлүүлэхээр ирсэн талаар урд өмнө сурвалжилсан билээ.
Тэдний эмчилгээний явц болон нөхцөл байдлын талаар тодруулахаар МОНЦАМЭ-агентлагийн Бээжин дэх сурвалжлагч газар дээр нь очиж уулзав.
Одоогийн байдлаар хүүхдүүдийн талаас илүү хувь нь хагалгаанд амжилттай орж, эрүүл саруул болж, эхнээсээ нутаг буцаж байна. Хагалгааны үйл явцад ямар нэгэн эрсдэл гараагүй, хүүхдүүдийн биеийн байдал сайн, үлдсэн хүүхдүүд энэ долоо  хоногт багтаж мэс ажилбарт орох аж. 
Тэд ирсэн даруйдаа эмнэлэгт хэвтэж, хагалгааны өмнөх шатны шаардлагатай эмчилгээ хийлгэж, өвчний онцлог, биеийн байдлаас хамаарч эмчилгээний хугацаа харилцан адилгүй байв. Мөн хагалгааны дараах эмчилгээ, шаардлагатай эм зэргийг төслийн хүрээнд үнэ төлбөргүй тэдэнд олгож байна. Эдгээр хүүхдүүд эх орондоо очоод Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэг, Эх нялхсын үндэсний төвийн хяналтад орох юм.
МУЗН-ээс энэхүү төслийн зохион байгуулалт болон орчуулгыг хариуцаж буй ажилтан н.Номингоо “Хүүхдүүд маань БНХАУ-ын зүрхний эмчилгээгээр дагнасан нэр хүнд бүхий Ан Жөн, Хуа Син эмнэлэгт эмчлүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар 21 хүүхэд хагалгаанд амжилттай орсон. Маргааш эхний 8 хүүхэд нутаг буцна. Тэдний гурав нь судсан доторх хагалгаанд амжилттай ороод буцаж байгаа бол үлдсэн таван хүүхэд яг одоо хагалгаа хийх шаардлагагүй, тодорхой эмчилгээ хийж, шинжилгээ өгсөний эцэст хагалгаанд орох боломжтой" гэсэн.

Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн эмч н.Булганаас хүүхдүүдийн эмчилгээний явцын талаар тодруулахад "Хагалгаанд ямар нэгэн эрсдэл хүндрэл гараагүй 100 хувийн үр дүнтэй бүгд, амжилттай боллоо. Өөрөөр хэлбэл тэдний маань зүрхний эмгэг бүрэн засагдаж, цоо эрүүл хүн болсон гэсэн үг. Энд хагалгаа хийлгээгүй буцаж байгаа таван хүүхэд бий. Эдгээр хүүхдүүд маань хавсарсан гажигтай. Тэдний хувьд яг одоо хагалгаа хийхэд  тохиромжтой цаг нь биш. Хүүхдүүдийн хувьд эхлээд хавсарсан өвчнийг нь эмчилж байж зүрхний хагалгаанд орох  шаардлагатай, нэг удаагийн хагалгаагаар бүрэн эдгэх боломжгүй,  жин багатай, хагалгааны зарим шаардлагыг бүрэн хангахгүй байгаа зэрэг шалтгаантай. Тиймээс Хятадын эмч нар ярьж байгаад эмийн эмчилгээ хийж, дараагийн үзлэгээр хагалгааны асуудлыг ярьж шийдэхээр  байр сууриа илэрхийлсэн. Манай нэг эмч эхний ээлжний хүүхдүүдээ хянаад маргааш хамт буцах гэж байна. Дараагийн ээлжний эмч нь үлдсэн хүүхдээ аваад хамт буцах юм. Хагалгааны дараах хяналтыг 3 дугаар эмнэлэг, Эх нялхсын үндэсний төвд үргэлжлүүлнэ, гурван сараас нэг жилийн хугацаанд хянах шаардлагатай байдаг” гэлээ.
Хүүхдүүдийн эцэг эх, ар гэрийнхэн энэ төслийг хэрэгжүүлж буй Хятад Улсын Улаан загалмайн нийгэмлэг,  Хятадын алтан гартай эмч, сувилагч, МУЗН, Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн хамт олон болон энэхүү сайхан буянтай ажлыг хэрэгжихэд тусалж дэмжсэн бүх хүмүүст хязгааргүй их талархаж байгаагаа нулимс цийлэгнүүлэн илэрхийлж байсан.

Хөдөө орон нутгаас эмчлүүлж буй хүүхдүүдийн эцэг эхчүүд орон  нутагт эмнэлгийн техник, тоног төхөөрөмж тааруу, эмч нарын мэргэжлийн ур чадвар хангалттай бус. Өвчнийг эрт илрүүлж чадахгүй хугацаа алддаг, заавал хотод ирж хяналтад орж, шинжилгээ өгдөг зэрэг хүндрэлийг хэлж байв. 
Налайх дүүргээс ирсэн охин н.Номинжингийн ээж н.Лутаасүрэн “Миний охин 4-н настай. Дауны хам шинжтэй, зүрх нь цоорхой гэсэн оноштой. Эх нялхсын үндэсний төвийн хяналтад байдаг. Энэ хагалгааг Монголд хийх боломжгүй. Гадаадад хийлгэе гэхээр бидэнд санхүүгийн боломж байхгүй. Гуравдугаар эмнэлэгт Хятадын эмч нар ирж шинжилгээ хийж буйг сонсоод охиноо үзүүлсэн. Тэгээд энд дурангийн хагалгаанд орж амжилттай болсон, үнэхээр азтай. Бид маргааш буцна. 3 дугаар эмнэлэгт  хяналтад орно. Монголын 100 хүүхдийг эмчлээд, эрүүл саруул болгож өглөө шүү дээ. БНХАУ-ын талаас биднийг маш сайхан хүлээж авч байна. Бүгдэнд нь маш их баярлалаа, цаашдаа өвдөж зовсон Монголын энэ олон үрсийг эрүүл саруул болгож өгөөсэй гэж хүсч байна”.
А.Анхбаяр
Холбоотой мэдээ