ОРХОН: Хадлангийн нөөц 30 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-02-20 15:55:29
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар Баян-Өндөр сумын 5 чиглэлд, Жаргалант сумын 6 чиглэлд ажлын баг гарч, малчдад төрийн үйлчилгээ үзүүлэх, нөхцөл байдлыг газар дээр нь үнэлэх ажлыг зохион байгуулжээ.


Энэ өвөл аймгийн хэмжээнд 39 удаа цас орсноос хунгар газартаа 20-25 см, тал газартаа 10-15 см-ийн зузаан байна. Цаг агаар гэнэт дулаарч эсвэл огцом хүйтэрсний улмаас цас хөрөлж цасны нягт нэмэгдсэн байна. 


Малчид бэлтгэсэн хадлангийнхаа 70 орчим хувийг нь хэрэглэсэн ч цаашид хүйтний эрч чангарвал байнгын тэжээлд орох малын тоо нэмэгдэх төлөвтэй байгааг ХХААГ-аас мэдээллээ.


Орхон аймагт 994 малчин өрх, 386 мал бүхий иргэн байдаг. Өнгөрсөн онд 175 329 толгой мал тоолуулжээ. Малчид 9700 тонн хадлан бэлтгэсэн байна.


Ирэх сард шүлхий болон мялзан өвчний эсрэг вакцин хийнэ гэж Мал эмнэлгийн газрын дарга Л.Уртнаст хэллээ. Учир нь улсын хэмжээнд дөрвөн төрлийн малын гоц халдварт өвчний дэгдэлттэй байгааг онцолж, өчигдрийн байдлаар /2024.2.19/ улсын хэмжээнд 26 сумын 35 голомтод 235 өрхийн 7226 толгой мал цэцэг өвчнөөр өвчилснийг анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ