ОРХОН: Жил бүр 30 оюутныг БНСУ-ын Сүнчон их сургуульд хөнгөлөлттэй нөхцөлөөр сургана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-02-06 21:09:06
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн 30 залуу БНСУ-ын Сүнчон их сургуульд 100 хувь хүртэлх тэтгэлэгтэй суралцахаар боллоо.


Жилд 30 оюутан Сүнчон их сургуульд суралцах бөгөөд хэлний бэлтгэл болон нэгдүгээр дамжааны төлбөрийг орон нутгаас 100 хувь төлж хоёрдугаар дамжаанаас тус сургууль сурлагын дүнг харгалзан төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх ажээ.


Тус сургуульд сурах хүсэлтэй 11,12 дугаар ангийн сурагчдын хэлний бэлтгэлийн төлбөрийг мөн Орхон аймгаас 100 хувь төлж, Сүнчон их сургуулийн бакалаврын хөтөлбөрт шууд элсэн орох боломжийг бүрдүүлжээ.


Сүнчон их сургууль нь БНСУ-даа эхний 10-т бичигддэг бөгөөд гадаад оюутнуудын боловсрол, аюулгүй байдалд онцгой анхаардаг сургууль юм.


Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал, Сүнчон их сургуулийн захирал И Бён Үн нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Эхний ээлжинд сурах 30 оюутан цаашдын сурах оюутнуудын боломжийг бүрдүүлэх учир сурлагын өндөр үзүүлэлттэй, хувийн сахилга бат сайтай, Эрдэнэт хотод нэн шаардлагатай мэргэжлээр сурах болон төлбөрийн нөхцөлөөс болж мэргэжил эзэмшихэд бэрхшээл учирч буй хүүхэд, залуусыг хамруулах юм. 




Холбоотой мэдээ