Бонд хэрэгжсэнээр Хот эдийн засгийн хувьд бие дааж чадах уу?

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2023-06-09 11:51:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн амын  55 хувь нь амьдарч буй Улаанбаатар хотыг амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй ухаалаг хот болгоно хэмээн Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогод тусгасан. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот 2050 он гэхэд орчин цагийн метрополис хот болон хөгжихийн зэрэгцээ нийгмийн дэд бүтэц нь эрс шинэчлэгдэн, эдийн засгийн хувьд бие даахуйц болно гэсэн үг.

Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй  бие даах  шаардлагатай. Дэлхийн бүх хот хөгжлийн бондыг 20-30 жилийн хугацаатай гаргадаг. Улаанбаатар хот хөгжлийн бонд гаргахаар зэхэж буй нь нийслэлийн төсвөөс гадна санхүүжилт босгох юм. Ингэснээр урт хугацаанд хийх бүтээн байгуулалтыг өрнүүлж асуудлаа шийдэх нэг гаргалгаа гэж хэлж болно. Бонд нь дэд бүтцийн хөгжил болох урт хугацааны хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлэхэд тохиромжтой санхүүгийн хэрэгсэл. Өөрөөр хэлбэл их хэмжээний хөрөнгө шаардсан төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө босгох тохиромжтой хувилбар юм. Үнэндээ бидэнд замын түгжрэлийг бууруулахаас эхлээд хөрөнгөгүйгээс шалтгаалан өрнүүлж чадахгүй маш олон ажлууд бий. Нийслэлд  өнгөрсөн жил 420 тэрбум төгрөгийн төсвөөр Улаанбаатар хотод хэд, хэдэн гүүр, замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн ч энэ онд санхүүжилтгүйгээс үргэлжлүүлэх боломжгүйд хүрээд байгаа. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар энэ оны нийслэлийн хөрөнгө оруулалтын санхүүжилтыг босгох бонд гаргах шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг баталж, батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт үүрэг болгожээ. Ийнхүү бонд босгох эрхийг НЗДТГ-т олгосноор тус бондыг дотоодын зах зээл дээрээс татах боломж бүрдэв. Тиймээс энэ сард багтаан хот бонд босгох бичиг баримтуудаа бүрдүүлэн Засгийн газрын хуралдаанд оруулахаар зэхэж буй аж. Үнэндээ дан ганц манай нийслэл ч бус хотжилт, бүтцийн өөрчлөлтийг хийхэд дэлхийн улс орнуудад биднийх шиг бэрхшээлүүд тулгарсаар байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалт, ялангуяа “Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд бондын санхүүжилтийг босгох хувилбарыг дэлхийн хотууд ашигладаг. Гагцхүү тэд бондын эргэлт, төлбөрийг үнэт цаасжуулах, хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх, хотын захиргааг чадавхижуулах чиглэлд анхаардагаараа онцлогтой.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ярихдаа, “Хотын асуудал бол 1.6 сая иргэний нягтаршил, эдийн засаг юм. Тиймээс эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх ёстой. Хотын хөгжлийн үндэс нь бие даасан эдийн засаг юм. Нөгөөтэйгүүр зөв төлөвлөлт, хот байгуулалт, дижитал шинэчлэлээр хотоо хөгжүүлэх нь зүйтэй байгаа. Үнэндээ хотыг чиглэх хүний урсгал буурахгүй байна. Улаанбаатар хотын эдийн засаг 28 их наядад хүрсэн. ДНБ-ийн 74 хувийг үйлдвэрлэж байна. Нийслэлд 150 мянган аж ахуйн нэгж бий. Их, дээд сургуулийн 96 хувь, мөнгөний эргэлтийн 86 хувь хотод ногдож байгаа. Энэ утгаараа хот зоригтой бөгөөд дорвитой шийдэл рүү орох ёстой. Шийдэл бол эрх зүйн чадамжийг нэмэгдүүлж, системийг зөв болгоно. Өнгөрсөн жилийн хугацаанд дотооддоо хөрөнгө оруулалтыг 30 дахин тэлж чадсан. Одоо гадагшаа эх үүсвэр гаргах, хөрөнгийн зах зээлээс бонд босгох нь чухал. Энэ хүрээнд Улаанбаатар хотын үнэлгээг гаргана. Хот хувийн хэвшилтэйгээ эдийн засгийн хамтарсан зохион байгуулалтад орно. Энэ бол боломжгүй зүйл биш. Тиймээс Улаанбаатар хот хөгжлийн бонд гаргахаар бэлтгэж байнагэлээ.Тэрээр нийслэлийг удирдсан цагаасаа эхлэн бонд босгох замаар нийслэлийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг шийднэ хэмээн мэдэгдэж ирсэн. Үүнээс үзэхэд  нийслэл анхны бондоо зах зээлд гаргахад тун ойртжээ.


Өнгөрсөн оны өдийд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсан. 27 жилийн дараа гар хүрсэн уг хуулийн шинэчлэлээр нийслэл төсөв санхүү, татварын бие даасан зохицуулалт хийх боломж бүрдсэн гэж хэлж болно. Үнэндээ  Нийслэлийн хүн ам 2035 онд 2.3 сая болох бөгөөд энэ өсөлтийг дагаад байгаль орчны бохирдолтой тэмцэх, газар ашиглалтаа оновчтой болгох, иргэдээ ая тухтай байлгах томоохон сорилтыг хот хүлээж байгаа. Энэ утгаараа хот санхүүжилтийн асуудлаа шийдэж үүнд бэлтгэх зайлшгүй шаардлагатай нүүр тулж буй юм.  

Тиймээс Улаанбаатар хот эхний ээлжинд 300-500 тэрбум төгрөгийн бонд босгох төлөвлөгөөтэй ажиллах юм байна. Ингэхдээ арилжааны банкны хүүгээр буюу 15 хүртэлх хувийн хүүтэй байхаар эхний тооцоолол гарчээ. Бондын эх үүсвэрийг нийслэлийн авто замын түгжрэлийг сааруулах “Сэлбэ сэргэлт төсөлд зарцуулахаар тусгасан байна. Дээрх  төсөл нь Дамбадаржаагаас дунд гол дагуу ТЭЦ-IV” хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 44 км авто зам, тохижилтийн ажлыг өрнүүлэх аж. Нийт өртөг нь 1.4 их наядаар хэмжигдэж буй бөгөөд эхний ээлжинд 187 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Эл төслийн барилгын ажлыг ирэх сард эхэлж, 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй аж.

Эдүгээ нийслэлийн жилийн орлого 1.9 их наяд төгрөгөөр хэмжигдэж буй бөгөөд ийм нөхцөлд 500 тэрбум төгрөгийн бонд босгоход санхүүгийн хүндрэл үүсэхгүй хэмээн албаныхан мэдэгдэж байгаа юм. Үнэндээ үе, үеийн хотын дарга нар бондын эрх нээгдсэнээр хот  эдийн засгийн хувьд биеэ даана хэмээн мэдэгддэг. Харин энэ мэдэгдэл нь хэр биелэлээ олох вэ гэдгийг цаг хугацаа харуулах л үлдлээ.  

 

Холбоотой мэдээ